Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос пуужингийн өндөр хүчин чадалтай хөдөлгүүр туршжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг тус улс өчигдөр өндөр хүчин чадлын пуужингийн хөдөлгүүр амжилттай туршсаныг Ням гарагийн өглөө мэдээллээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун туршилтыг өөрийн биеэр ажигласны дараа “пуужингийн салбарaa шинэ түвшинд гарсныг” зарлалаа хэмээн KCNA агентлаг дамжуулсан байна.

Тэр бас шинэ хөдөлгүүр нь Хойд Солонгосыг дэлхийн түвшний хиймэл дагуул хөөргөх боломжтой болгож байгааг онцолжээ. Пьёньян энэхүү туршилтаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон БНХАУ-д айлчилж байгаа цаг үеийг тааруулан зарласан нь учиртай.

Ким Жон Ун туршилтын дараа “өнөөдрийн бидний олсон амжилтын үр дүнг дэлхий нийт удахгүй харах болно” гээд Хойд Солонгосын пуужингийн салбар дахин мэндэлсэнтэй адил чухал үйл явдал гэж онцолжээ.

Ноён Тиллерсоны Зүүн Азийн орнуудад хийж байгаа айлчлалын гол сэдэв нь Хойд Солонгосын цөмийн хүчин чадлын асуудал болж байгаа.

Баасан гарагт тэр Өмнөд Солонгост саатахдаа хэрвээ Хойд Солонгосын цөмийн зэвсэг аюултай түвшинд хүрсэн гэж үзвэл цэргийн ажиллагаа явуулахаас буцахгүй гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл Бямба гарагт Бээжинд ирсэн Тиллерсон мөн Хойдын дэглэмийн цөмийн зэвсгийн аюулаас сэргийлэхийн тулд Хятадтай хамтарч ажиллах талаар хэлэлцэж байна. Тэр Хятадын гадаад хэргийн сайд Ван И, ерөнхийлөгч Ши Жиньпин нартай уулзаж байгаа юм.

Хойд Солонгос одоогоор цөмийн таван туршилт, олон удаагийн пуужингийн туршилт хийгээд байна.

Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр тэдний пуужин Америкийн баруун эрэгт цөмийн зэвсэг хүргэх чадалтай болсон гэгддэг. Үүнийг баталж өнгөрсөн шинэ жилийн мэндчилгээндээ Ким Жон Ун тив хоорондын баллистик пуужин бүтээх ажил нь сүүлийн шатандаа шилжээд байгааг зарласан юм.

 

Эх сурвалж: BBC