Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Оюунгэрэл: МАН-ын 60 тэрбумын өвчин АН-д халдварлах гэж байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 3 сарын 13
iKon.MN
 

АН-ын гишүүд өнөөдөр намын дотоод асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл тэргүүтэй бусад гишүүд оролцлоо. Хэвлэлийн бага хурал хийсэн шалтгаан нь сүүлийн үед намын дотоодод намын үзэл санаанаас ихээхэн гажсан, ардчиллын үнэт зүйл, хууль дээдлэх зарчмыг үл тоомсорлосон зүй бус үйлдэл олширч байгаа ажээ. Мөн намын дүрмийн төслийг эцэслэн боловсруулах үйл явц, намын их хуралд танилцуулах, Улсын Дээд Шүүхэд бүртгуүлэх намын дүрмийн хувилбар бүгд гишүүдээс нууцалсан хаалттай байдалтай байгааг бусад гишүүд нь эсэргүүцэж байна.

Мөн дотоод сонгууль явуулахад олон маргаан гарч байгаа аж.

Энэ тухай Ц.Оюунгэрэл “АН-ын дотоод сонгуульд гарч байгаа хэд хэдэн зарчмын маргаан байна. АН шинэчлэлийн мөрийн хөтөлбөрөө VI их хурлаар баталсан. Энэ хөтөлбөрт одоогийн явуулж буй дотоод сонгуулийн зохион байгуулалт нийцэхгүй байна. Манай намын шинэчлэлийн хөтөлбөрийн гол агуулга нь намыг нээлттэй болгох байсан. Гэтэл дотоод сонгууль явуулж буй дүрэм журам маш хаалттай нөхцөлд хийгдэж байна. Ялангуяа намын VII их хурлаар баталсан шинэчилсэн дүрэм намын гишүүдэд нээлттэй болоогүй.

Намын дүрмийг дээд шүүх бүртгэж авч амжаагүй юм болов уу. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр дээд шүүх энэ асуудлаар хуралдаагүй байгаа юм байна.

Хоёрдугаарт дээд шүүхэд бүртгүүлээгүй, хаалттай дүрмээр сонгууль явуулбал үр дагавар нь яах вэ гэдэг асуудалтай тулгарч байгаа. Дүрмийн бус байдлаар сонгууль явуулбал намын гишүүд хүлээн зөвшөөрөх үү гэдэг маш их эргэлзээтэй байна. Тиймээс энэ сонгуулийг намын дүрэм ил тод болсны дараа явуулаач гэдэг саналыг С.Эрдэнэ даргад удаа дараа тавьсан. Хариу алга байна.

 

Мөн намын Дотоод сонгуулийн хороо гэдэг байгууллага эрх мэдлээ хэтрүүлсэн үйл ажиллагаа удаа дараа явуулж байгаад гишүүд дургүй байна. Тухайлбал Дотоод сонгуулийн хороо бүртгэл явагдаж дуусаагүй байхад хураамж нэртэй цоо шинэ татварыг өөр дансанд төвлөрүүлж байна.

Одоо АН-ын сонгуульд оролцох хүсэлтэй бол дүрмийн бус татвар, хураамж төлөх хэрэгтэй болоод байна. Эрх мэдлээ хэтрүүлсэн, хураамж гэж хууль бусаар тогтоосон зүйлийг төлөхгүй байхыг бид ярилцаж байгаа.

Мөн нэг ноцтой зүйл нь авч байгаа татвар хураамж, дэнчингийн хэмжээ. Өмнө нь АН-ын ҮЗХ-нд нэр дэвшихэд 1 сая төгрөгний дэнчин төлдөг байсан бол одоо 3 сая төгрөгийн дэнчин, 3 сая төгрөгийн хураамж төлөх болоод байна.

Өмнө нь Нийслэлийн намын  даргад нэр дэвшихэд хураамж, дэнчин хэрэггүй байсан бол өнөөдөр 90 сая төгрөгийн дэнчин тавьж байна. Эдгээр шаардлагууд нь АН-ын албан тушаалыг үнэлгээжүүлсэн, МАН-ын хэрэгжүүлж байгаа 60 тэрбумын схемийг АН-д гоц халдварч өвчин мэт авчирсан буруу жишиг гэж үзэж байна.

Сөрөг хүчин АН эрх баригч хүчнийхээ бурууг шүүмжлэх ёстой байтал өөрсдөө гоц халдварт өвчнөөр өвчилж болохгүй. Манай АН-д МАН-ын 60 тэрбумын өвчин халдварлах гээд байна” гэв.

Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж дараах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг шаардаж байгаагаа дурдлаа. Үүнд:

  • Намын гишүүдээс авах татварыг дүрмийн хүрээнд оновчтой тогтоох,
  • Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа үед намын дотоод сонгуулийг гишүүдийн идэвх оролцоонд тулгуурлан зардал багатай зохион байгуулах, Сонгууль зохион байгуулах зайлшгүй шаардлагатай зардлын тооцоог гаргаж нээлттэй мэдээлэх,
  • Намын дансыг яаралтай шилэн болгож, намын гишүүдийн итгэлийг сэргээх,
  • Намын дотоод сонгуулийг дээрх асуудлыг шийдвэрлэсний үндсэн дээр Ерөнхийлөгчийн дараа явуулах зэрэг асуудал багтаж байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.