Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ НОМ: Япон өгүүллэг, тууж

МОНСУДАР
2017 оны 3 сарын 9
Монсудар
Зураг зураг

Номд шимтэгч уншигчдадаа сайхан мэдээ дуулгаж байна. Энэ сард Монсудар хэвлэлийн газраас “Япон өгүүллэг, тууж” хэмээх шинэ номыг эрхлэн гаргалаа. Уг номд японы нэр нөлөө бүхий зохиолчдын сор бүтээлүүд орсон бөгөөд хамгийн гол нь Монголд урьд нь хэвлэгдэж байгаагүй олон сайхан зохиолууд багтсан байгаагаараа онцлогтой.

Тухайлбал: Японы алдарт яруу найрагч Мүроү Сайсэгийн “Нэгэн охины үхэл хүртэл”, Японы шинэ үеийн уран зохиолыг үндэслэч Нацүмэ Соосэкигийн “Лондон цамхаг”, Мэйжигийн үеийн тэргүүлэх зохиолчдын нэг Мори Оогайн “Хулганатын хөндийд”, Накажима Ацүшигийн “Уулын сарны дууль”, Изүми Кёока “Коояа уулын гэгээн” гэх мэт олон зохиолыг дурдаж болно. 

Түүнчлэн энэхүү номд орсон өгүүллэг, туужууд нь бичлэг болоод утга санаагаараа тус бүрийн ялгарах онцлогтой ба уншигчдад өөр өөр мэдрэмжийг төрүүлж чадахуйц баялаг өгүүлэмжтэй.

Япон улсын 5,000 иений мөнгөн дэвсгэрт дээр дүрээ мөнхөлсөн, Мэйжигийн үеийн хамгийн алдартай эмэгтэй зохиолч болох Хигүчи Ичиёогийн “Нэг үеийнхэн” зохиол бичлэгийн хувьд цэг, таслал цөөхөн урт урт өгүүлбэрүүдтэй боловч, тухайн үеийн нийгмийн байр байдал, аж амьдрал хүмүүсийн төдийгүй хүүхдүүдийн оюун санаанд хэрхэн нөлөөлж, хэвэнд цутгасан мэт байдалд алгуурхан оруулж байдгийг Улаан дэнлүүний гудамд амьдрах хүмүүс, шилжилтийн насны хүүхдүүдийн харилцаанд суурилан маш уян зөөлөн, торгон мэдрэмжтэй хэрнээ энгийн хүүрнэлээр өгүүлсэн байдаг бол хэтрүүлэгтэй, уран сэтгэмж бүхий зохиолуудаараа нэрд гарсан Изүми Кёокагийн “Коояа уулын гэгээн” зохиол нь өгүүлэмжийн дотор өгүүлэмж агуулагдсан бичлэгийн онцлогтой. Нэгэн залуу ламд тохиолдсон нууцлаг сонин явдлыг өгүүлэх уг зохиол тухайн цаг үедээ японы уран зохиолд шинэ соргог байсан бөгөөд өнөө үед ч гэсэн заавал унших зохиолд зүй ёсоор тооцогдог байна. 

Мөн Окамото Канокогийн “Хөгшин гэйшагийн таталбар” зохиолд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэлгээний ялгаа тод туссан байдаг ба уг өгүүллэг богино хэмжээний зохиолд хэрхэн гүн утга санааг шингээж, олон талт агуулгыг багтааж болдгийн үлгэр жишээ болсон гэж үздэг байна. Тийм дээ ч Кавабата энэхүү зохиолыг “Богино хэлбэрийн зохиолын оргил” хэмээн үнэлжээ. 

Манай уншичид “Сэтгэл”, “Боччан”, “Муур миний өчил” зохиолуудаар нь сайн мэдэх Нацүмэ Соосэкийн “Лондон цамхаг” бол түүх, уран сэтгэмж, бодит байдал гурвыг хослуулан зангидсан бичлэгтэй бөгөөд энэ нь түүний бичлэгийн шинэ эрэл хайгуул байсныг зохиолч зохиолынхоо төгсгөлд өөрөө дурджээ.

Мөн Накажима Ацүшигийн хамгийн алдартай зохиол болох “Уулын сарны дууль”-д хүн байснаа араатан бар болж хувилсан нэгэн яруу найрагч “хүн гэдэг хэн ч бай араатан сургагч агаад тэрхүү араатан нь тус хүний мөн чанар юм” гэж халаглан өгүүлэхийг уншаад, уншигчид ямар нэгэн зүйлийг эргэцүүлэн бодож, тунгаах нь гарцаагүй биз ээ. 

Энэ мэтчилэн өөр өөр өгүүлэмж, бичлэг, онцлог бүхий японы уран зохиолын сорд тооцогддог бүтээлүүд “Япон өгүүллэг, тууж” нэрийн дор хэвлэгдэн гарлаа.