Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстаны алдарт дуучин Монголд ирнэ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 3 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Наурызын баярыг тохиолдуулан Казахстан улсын алдарт дуучин Төрөгали Төрөали манай улсад “Улы Дала Баласы” буюу “Тал нутгийн хүү” тоглолтоо хийх гэж байгаа талаар тоглолтыг зохион байгуулагчид мэдээллээ. Казаxстан улсын ая зохиогч, яруу найрагч, дуучин Төрөгали Төрөали нь тус тоглолтоороо хүмүүст казак түмний ёс заншил түүх соёлыг уран бүтээлээрээ дамжуулан шинэлэг өнгө төрхтэйгөөр хүргэхээр бэлдээд байгаа аж.

Зохион байгуулагч, зөвлөгч С. Нурлан “Жил бүрийн наурызын баярыг тохиолдуулан тоглолт хийдэг жишиг тогтсон. Энэ жилийн хувьд өмнөх жилийн тоглолтуудаас онцлог давуу тал их бий. Тоглолтыг хүлээж байгаа Төрөгали Төрөалигийн дууг сонсох дуртай хүмүүс ч их байна” хэмээв.

Тасалбарыг UB Palace-ийн билетийн касс, Налайх дүүргийн АСУ дэлгүүр болон 99666074 утсаар холбогдон авах боломжтой гэнэ. Иргэдийг зөвхөн албан ёсны тасалбар борлуулах цэгүүдээс тасалбар авахыг зохион байгуулагчид сануулж байсан юм.

Тоглолт UB Palace-ийн концертын их танхимд энэ сарын 14-ний өдөр 18:00 цагт, Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт 15-ны өдөр 13:00, 17:00 цагуудад болохоор товлогджээ. Тоглолтод монголын уран бүтээлчид ч оролцох аж.

Алдарт дуучин Төрегали Төреали нь жүжигчин мэргэжилтэй хэдий ч  дуу дуулах, ая зохиох авьяастай учир ийнхүү дуучны амьдралыг сонгосон гэнэ. Тэрбээр “Олон улсын казах хэл” нийгэмлэгийн нэгдүгээр одон, Казахстан улсын “Жетиген Каарманы” одонгоор тус тус шагнагдсан байна. Түүнчлэн хэд хэдэн үндэсний тэмцээнүүдийн “Оны дуучин”, “Жентелмен”, “Оны дуу” зэрэг шагналуудыг хүртсэн авьяаслаг уран бүтээлч юм. Түүний “Алло” гэх уран бүтээл нь одоогоор Үoutube сувгаар 18 сая хандалт аваад байна. Тэрээр Казахстан улсад зохиогддог “Айтыс” урлагийн наадмын хоёр удаагийн ялагч болж байсан түүхтэй.