Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

АРДЫН ҮГ: Хоёр хөрш бол Монгол Улсын боломж

ikon.mn
2017 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. Гэсэн ч улс төрийн төдийгүй улс орны түүхэнд Монгол, Хятад, Оросын төрийн тэргүүнүүд хамт нэг ширээний ард сууж байсан удаагүй.

Харин өнгөрсөн найман жилийн хугацаанд гурван ч удаа уулзалт хийж, аль аль улс орныхоо эрх ашгийг хамгаалсан, хүндэтгэсэн эдийн засгийн хамтын ажиллагааг өндөр төвшинд хүргэж чадлаа. Дэлхийн улс орнуудын гадаад харилцааны түүхэнд төрийн тэргүүн нарын нүүр тулсан хоёр талын уулзалт болдог нь байдаг уламжлал. Харин энэ уулзалт шиг гурван талын уулзалт болж байгаагүй. Тиймээс энэ уулзалтыг түүхэн хэмээн нэрлэх нь зүй ёсны хэрэг.

Манай улсын хувьд хамгийн анх Оростой стратегийн иж бүрэн түншлэлтэй болсон.

ОХУ, Хятад хоёр бол дэлхийн “аварга” гүрнүүд. Хүн ам, цэрэг арми, эдийн засаг нь минут, секундээр өсч, тэр хэрээрээ хүчирхэгжиж байна. Тиймээс энэ хоёр гүрний дунд ардчиллаа хамгаалж, хадгалж, харилцан ашигтай ажиллах бодлого явуулахаас өөр арга манай улсад байхгүй. Манай улсын хувьд хамгийн анх Оростой стратегийн иж бүрэн түншлэлтэй болсон. Тэр утгаараа эдийн засгийн онцгой, дээд төвшний харилцаатай байдаг.

Харин Хятадтай гурван жилийн өмнө буюу тус улсын дарга Си Зиньпин манай улсад өндөр, дээд хэмжээний айлчлал хийх үеэрээ хоёр орны стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингэснээр Монгол Улс хоёр хөрштэйгөө хоёулантай нь стратегийн иж бүрэн харилцаатай болж амжсан.Хятадын дарга ийн айлчилснаас яг нэг сарын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мөн дээд төвшний айлчлалыг манай улсад хийсэн. Энэ үеэрээ эдийн засгийн хамтын ажиллагааг дээшлүүлэх яриа хэлэлцээрийн үр дүнд Монгол Орос руу визгүй болсон юм. Ингэснээр Монгол Улсын иргэний үнэмлэхтэй ямар ч хүн Хятад, Оросын аль аль руу нь визгүй зорчих эрхтэй болсон.

Душанбед юу болов

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хамгийн анх Монгол, Хятад, ОХУ-ын төрийн тэргүүнүүд 2014 оны есдүгээр сарын 11-нд Тажикийн нийслэл Душанбе хотод уулзсан. Гурван улсын төрийн далбааны өмнө гурван улсын төрийн тэргүүн зогсох энэхүү санаачлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан юм. Түүнээс хойш 2015 онд ОХУ-ын Уфа хотод, 2016 онд Узбекистаны нийслэл Ташкент хотод уулзсан байдаг. Тэгвэл дөрөв дэх уулзалт ирэх зургадугаар сард Казахстаны Алматад болохоор төлөвлөгдсөн байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улаанбаатарын уулзалт”- ыг хийх гурван шалтгаан, гурван зарчмыг гурван минутын дотор хоёр хөршийнхөө төрийн тэргүүнд танилцуулсан.
Хамгийн анхны уулзалтын хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улаанбаатарын уулзалт”- ыг хийх гурван шалтгаан, гурван зарчмыг гурван минутын дотор хоёр хөршийнхөө төрийн тэргүүнд танилцуулсан.

Тэрээр “Улаанбаатарын уулзалт”-ыг Улаанбаатар хотод гурван жил тутамд олон нийтэд нээлттэй хийх ба уулзалтаар талуудын сонирхсон асуудал, тэр дундаа гурван улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтцийн болон бүс нутгийн шинж чанартай асуудлыг ярилцаж шийдвэрлэх зарчмыг тавьсан юм. Харин ОХУ, Хятадын Ерөнхийлөгч нар уулзалтыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хийх нь зөв гэж үзсэн. Анхны уулзалтын хувьд асуудал шийдэх гэхээсээ илүү дараа дараагийн хамтын ажиллагааны суурийг тавьсан уулзалт байсан юм. Тэр нь эдийн засгийн коридор.

Ташкентийн уулзалт буюу эдийн засгийн коридор

Гурван улсын төрийн тэргүүний хоёр дахь уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч гурван улсын хамтран хэрэгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төслийн гүйцэтгэл, уялдаа холбоо, зохицуулалтыг хангах зорилго бүхий гурван талын тэгш оролцоотой төсөл, судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулж ажиллуулах, Монголын уул уурхай, экспорт, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Орос, Хятадын нутаг дэвсгэрээр дамжуулан гуравдагч зах зээлд гаргахтай холбогдсон асуудлыг шуурхай шийдвэрлэхэд шаардлагатай хил орчмын хамтын ажиллагааг сайжруулах нөхцөлийг тохирох зэрэг хэд хэдэн санаачлага дэвшүүлж ярилцсан байдаг. Үр дүнд нь гурван улсын эдийн засгийн коридор байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Харин түүний дараа буюу гурав дахь уулзалт Ташкентад болсон. Уг уулзалтаар Уфа хотод байгуулсан эдийн засгийн коридор байгуулах санамж бичгийг ажил хэрэг болгох үүднээс нэг жилийн дотор эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт 2016 оны зургадугаар сарын 24-нд гарын үсэг зурсан. Эдийн засгийн коридор бол Монгол Улсын эдийн засагт асар чухал эерэг нөлөө үзүүлнэ. Уг коридор байгуулах ажлын хүрээнд Хятадын тал гэхэд 190 гаруй төсөл оруулж ирсэн байдаг. Гэхдээ олон талаар шүүж үзсэний дүнд Монгол Улсын эрх ашигт нийцэх, Монгол Улсад ашигтай төсөл хөтөлбөрүүдэд оролцох зорилтоо тодорхойлж 32 төсөл дээр хамтарч ажиллахаар хөтөлбөрийг баталсан юм. Уг 32 төсөлд Монгол Улсыг дамжиж гарах төмөр замын шинэ гарцууд, шинэ коридор, интернэтийн өндөр хурдтай шугам, ирээдүйд хийгдэх хий, нефтийн хоолой зэрэг маш олон төслийн зарчмыг тусгасан байна.

Тэгвэл эдийн засгийн коридор байгуулах энэ ажил нэлээд эрчимжсэнийг Гадаад харилцааны яамнаас өнгөрсөн долоо хоногт болсон “Мэдээллийн цаг” уулзалтаараа илэрхийсэн. Тодруулбал, гурван талын “Хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төв”-ийг Монгол Улсад байгуулах саналыг Орос, Хятадын талд хүргүүлж, хоёр талтай идэвхитэй яриа хэлэлцээг үргэлжлүүлж байгаа юм. Энэхүү төв нь хөтөлбөрт тусгасан 32 төслийн нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслүүдийг хоёр талтай тохиролцож, ТЭЗҮ-г боловсруулж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах аж. Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан гурван улсын төрийн тэргүүний гурван уулзалтын дараа гурван улсыг дамжин өнгөрөх коридор байгуулах ажил амжилттай хэрэгжих нь. Энэ бол он удаан жил Монгол Улсын эдийн засгийг тогтвортой байлгах ажлын эхлэл юм.

Энэ бол он удаан жил Монгол Улсын эдийн засгийг тогтвортой байлгах ажлын эхлэл юм.

Нөгөөтэйгүүр Монгол Улс бол далайд гарцгүй орон. Тиймээс хөрш орнуудтай харилан ашигтай ажиллах бодлогын хүрээнд экспортоо нэмэгдүүлж, гуравдагч зах зээлд гаргах шаардлагатай. Тэр утгаараа гуравдагч зах зээлийн эдийн засагт хүрэхийн тулд мөнхийн хоёр хөршийн газар нутгаар дамжин өнгөрөх нь гарцаагүй зүйл юм.

Хойгуураа хүчирхэг Орос улстай, урд талаараа дэлхийн хоёр дахь том эдийн засаг Хятад улстай хиллэдэг Монгол Улсад хамгийн их байгаа зүйл бол боломж. Энэ бүгдээс харахад хөрш улсуудтайгаа харилцах Монгол Улсын бодлого харьцангуй зөв зүгт чиглэж байгаа мэт.