Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад оюутнууд Далай ламыг төгсөлтийн баяртаа урихыг эсэргүүцжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Сан Диегогийн Калифорний Их сургууль энэ жилийн төгсөлтийн баяртаа Далай ламыг урьж, үг хэлүүлэх болсон нь тус сургуулийн Хятад оюутнуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан байна.

Далай ламын хэлэх үг нь дэлхий нийт, хүн төрөлхтний үүрэг хариуцлагын сэдэвтэй байгаа юм. Гэвч Сан Диего дахь Хятад оюутнуудын холбоо сургуулийн шийдвэрийг эсэргүүцэж, 81 настай Нобелийн шагналтныг Хятад улсыг хуваах санаатай, салан тусгаарлагч гэж буруутгасан байна.

Оюутны холбооны мэдэгдэлд “Далай лам бол зөвхөн шашны тэргүүн биш, манай үндэстний нэгдэл нягтралыг задлахын төлөө удаан хугацаанд тэмцэж байгаа улс төрийн дүрвэгч юм” гэжээ.

Тэд бас өөрсдийнх нь соёлын онцлог, ялгаанд хүндэтгэлгүй хандсан сургуулийн захиргаанд гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Төгсөж байгаа хүүхдүүдийнхээ баярт Хятадаас ирэх эцэг эхчүүдэд Далай ламын оролцоо нь муугаар нөлөөлж, баяр хөөрийг нь унтраана гэж бас онцолсон юм.

Гэвч сургуулийн захиргаа ирэх зургаадугаар сард болох төгсөлтийн баярт Далай ламыг урих шийдвэрээсээ буцахгүй гэдгээ хариу мэдэгдээд байна.

Энэтхэгийн Дарамсалад цагаачлан амьдарч байгаа Далай лам хэдийгээр Төвдийг бүрэн салан тусгаарлах санаанаасаа буцаж, өөртөө засах өргөн эрх олгохыг хүсч байгаа ч Бээжин түүнийг улс орноо задлан хуваахын төлөө тэмцэгч гэж үздэг юм.

 

Эх сурвалж: South China Morning Post