Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүгчтэй холбоотой гомдол нэмэгджээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн ёс зүйн хороонд шүүгчтэй холбоотой гомдол өнгөрсөн онд нэмэгджээ.

Шүүхийн ёс зүйн хороонд өнгөрөгч 2016 онд 376 шүүгчид холбогдох 231 гомдол хүлээн авсан нь 2015 оныхоос 7.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Гомдол гаргасан иргэд шүүгчдийг хувийн ашиг сонирхлын үүднээс хэргийг нэг талд шийдсэн, хууль буруу хэрэглэсэн, зохисгүй байдал гаргасан зэрэг үндэслэлээр ёс зүйн хороонд ханджээ. “Иргэдийн шүүгчид тавих хяналт нэмэгдсэн, илүү ухамсартай болсон, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хяналт сайжирсан байна. Тиймээс шүүгчид сахилга, хариуцлагатай байх ёстой ” гэж Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар ярилаа. Дээрх шүүгчдийн дийлэнх нь буюу 71.9 хувь нь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд харьяалагддаг бол үлдсэн хувийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд ажиллагсад эзэлж байна.

Шүүхийн ёс зүйн хороо нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу ажиллаж байгаа ч ёс зүйн код болон холбогдох зарим нэгэн хуульд зааснаас үүдэн зарим хэрэг дээр бүрэн чадлаараа ажиллаж чадахгүй байгааг Шүүхийн ёс зүйн хорооноос онцолж байлаа.

“Олон жил ёс зүйн чиглэлээр ажилласны хувьд шүүхийн ёс зүйн хорооны үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх шаардлагатай. Хэдийгээр бид өөрсдийнхөө нөөц бололцоогоор ажилладаг ч шүүх дээр хэрэгсэхгүй болгож, буцаагдах тохиолдол их байна” гэж Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, Доктор Б.Уранцэцэг ярьсан юм.

Дашрамд сануулахад өнгөрсөн 2015 онд шүүгчтэй холбоотой 250 гомдол ирж байжээ.