Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын тэнгисийн хөлөг Өмнөд Хятадын тэнгист эргүүл хийж эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын байлдааны нисэх онгоц тээвэрлэгч Өмнөд Хятадын тэнгист өчигдрөөс эргүүл хийж эхэлсэн нь Америк-Хятадын сөргөлдөөнийг шинэ түвшинд гаргалаа.

Энэ үйл явдлын талаар Хятадын эрх баригчид ямар нэг мэдээлэл хийгээгүй байгаа ч Дональд Трампын засаг захиргаа маргаантай арлуудын асуудалд тийм зөөлөн хандахгүй гэдэг нь эндээс харагдаж байна.

USS Carl Vinson нэртэй тээвэрлэгч дээр суурилсан тэнгисийн цэргийн бүлэглэл Өмнөд Хятадын тэнгисийн усанд ээлжит ажиллагаагаа явуулж байгаа тухай АНУ-ын тэнгисийн хүчний вэбсайтад мэдээлжээ.

Саяхан энэ тээвэрлэгч хөлөг болон нисэх онгоцнууд Хавай, Гуамын арлуудад дасгал сургуулилалт хийж дуусгасан юм.

Тэгвэл өнгөрсөн Баасан гарагт Хятадын арми Өмнөд Хятадын тэнгис дэх цэргийн сургуулилалтаа мөн дуусгаад байна. Уг ажиллагаа нь газар нутгийн маргаантай байгаа бусад хөрш орнуудыг бухимдуулсан явдал болсон юм.

Энэ сарын эхээр Пентагоны тэргүүн Жэймс Мэттис АНУ нь Өмнөд Хятадын тэнгист гаргаж байгаа Хятадын түрэмгий авирыг намдаахын тулд цэрэг зэвсгийн томоохон алхам хийхгүй гэж хэлж байв. Гэхдээ Хятадын үйлдэл тус бүс нутгийн улс орнуудын итгэлийг эвдсэн хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Харин Хятадын цэргийн ажиглагч нар АНУ-ын хөлөг эргүүл хийж эхэлснийг Трампын бодлого тогтворгүй байгаагын шинж гэж шүүмжилж байна. Өмнөд Хятадын тэнгист хүч хэрэглэхгүй, дипломат арга замаар асуудлыг шийднэ гэж ярьж байгаа ч бодит байдал дээр ийм алхам хийсэн нь үүний илрэл юм гэж үзэж байгаагаа тэд илэрхийлцгээж байгаа юм.

Хятад улс байгалийн нөөцөөр баялаг Өмнөд Хятадын тэнгисийн бараг бүх хэсгийг өөрийн нутаг гэж зарлаад байгаа. Мөн энэ бүсээр жил бүр $5 их наядын бараа бүтээгдэхүүн тээвэрлэгддэг юм.

Бруней, Малайз, Филиппин, Тайвань, Вьетнам улсууд мөн энд өөрийн эзэмшил газар нутаг байгаа гэж Хятадтай маргалддаг.

 

Эх сурвалж: South China Morning Post