Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Малайзийн цагдаа Ким Жон Намын аллагад холбоотой Хойд Солонгосын иргэнийг баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын удирдагчийн эцэг нэгтэй ах Ким Жон Намыг алсан хэрэгт холбогдуулан Хойд Солонгосын иргэнийг баривчилснаа Малайзийн цагдаа өнөөдөр мэдээлжээ.

Өнгөрсөн шөнө Малайзийн Селангор мужаас баривчлагдсан 46 настай Ри Жон Чол нь уг хэрэгтэй холбогдуулан баривчилсан дөрөв дэхь хүн, Хойд Солонгосын анхны иргэн болж байна. Түүнийг Ким Жон Намын амийг хөнөөсөн аллагын зохион байгуулагч гэж сэжиглэж байгаа юм.

Малайзийн цагдаа түүнээс өмнө Вьетнамын болон Индонезийн паспорттой хоёр эмэгтэй, Индонез эмэгтэйн найз залуу гэх эрэгтэйг баривчлаад байгаа ажээ.

Цагдаа нарын үзэж байгаагаар нийт дөрвөн хүн дээрх хоёр эмэгтэйд Ким Жон Намын нүүрэнд хортой бодис шүрших заавар өгч гүйцэтгүүлсэн гэнэ. Уг дөрвөн хүний нэг нь өнгөрсөн шөнө баривчлагдсан Хойд Солонгосын иргэн гэж үзэж байгаа ажээ.

Үүнтэй зэрэгцээд Хойд Солонгосын тал Ким Жон Намын цогцост задлан хийхийг эсэргүүцэж байгаагаа өчигдөр орой анх удаагаа олон нийтэд мэдэгджээ.

 

Малайзад суугаа тус улсын элчин сайд Кан Чол цогцос хадгалагдаж байгаа эмнэлгийн гадаа үг хэлэхдээ Ким Жон Намыг тус улсын дипломат паспорт эзэмшигч, консулийн газрын хамгаалалтад байсан хүн тул задлан хийлгүй Хойд Солонгосын талд хүлээлгэж өгөх ёстой гэсэн юм. Кан уг хэрэг явдлыг Өмнөд Солонгос зэрэг бусад дайсагнагч талуудын явууллага гээд Малайзийн талаас цогцосыг удаалгүй хүлээлгэж өгөхийг хатуу шаарджээ.

Ким Жон Нам энэ сарын 6-наас хойш Малайзад саатаж байсан ба өнгөрсөн Даваа гарагт Макао руу буцахаар нисэх гэж байгаад халдлагад өртөж алагдсан юм.

Хойд Солонгосын эсэргүүцлээс шалтгаалан саатаад байсан хоёр дахь задлан шинжилгээ өнөөдөр эхэлж байна. Түүнээс өмнө Лхагва гарагт эхний түвшний шинжилгээг цогцост хийсэн ба эндээс тодорхой үр дүн гараагүй юм.

 

Эх сурвалж: South China Morning Post