Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Роберт Мугабэ нас барсан ч ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Роберт Мугабэ эхнэр Грэйсийн хамт

Зимбабве улсын ерөнхийлөгч, 92 настай Роберт Мугабэ хэрвээ ирэх жил болох сонгуулийн өмнө нас барвал түүний шарилыг сонгуульд өрсөлдүүлэх хэрэгтэй гэж Мугабэгийн эхнэр ярьсан байна.

Эхнэр Грэйс Мугабэ нь ингэхдээ эрх баригч Зану намын зарим улс төрчдийг нөхрийнх нь эсрэг хуйвалдаж байгааг шүүмжлээд, хэрвээ ерөнхийлөгч нас барвал түүний дэмжигчдийг Мугабэд үнэнч сэтгэлээ харуулж шарилыг нь сонгуульд нэр дэвшүүлэхийг уриалжээ.

“Хэрвээ Бурхан түүнийг авч одвол бид шарилыг нь сонгуульд нэр дэвшүүлэх хэрэгтэй” гэж тэр зүүн Зимбабвегийн Бухерад болсон арга хэмжээний үеэр олон мянган дэмжигчдийнх нь өмнө хэлсэн байна.

Ирэх Мягмар гарагт 93 нас хүрэх Мугабэ сүүлийн үед олны өмнө үзэгдэх нь багасаж, харин түүний 51 настай эхнэр улс төрийн тоглолт хийх нь нэмэгдсэн юм.

Олон жилийн дайны дараа 1980 онд цагаан арьст цөөнх төрийн эрхээс бууж, Мугабэ ерөнхийлөгч болсноос хойш тасралтгүй Зимбабвег удирдаж байна.

Грэйс Мугабэ нь нөхөртөө үнэнчээ үргэлж илэрхийлдэг ба Мугабэг тэргэнцэр дээр суудаг болсон ч улс орноо удирдахад араас нь түрж хүчин зүтгэнэ гэж хэлж байжээ.

Мугабэ өөрийгөө 100 наслана гэж үздэг ба амьд ахуй цагтаа Зимбабвег удирдсаар байхаа илэрхийлж байсан юм.

Гэвч эрх баригч нам дотрох фракцуудын хооронд түүнийг залгамжлахын төлөө тулаан хэдийнээ эхлээд байна.

 

Эх сурвалж: The Guardian