Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Намын аллагын дараа Сөүл хамгаалалтаа чангатгахаар боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын засгийн газар Ким Жон Намын аллагын дараа тус улсад оршин суугаа Хойд Солонгосын дээд албан тушаалын дүрвэгчдийг хамгаалах арга хэмжээгээ нэмэгдүүлэхээр болсноо өчигдөр зарлажээ.

Өмнөд Солонгост өмнө нь Хойд Солонгосын зохион байгуулсан аллага хэд хэд гарч байсан юм.

Тухайлбал, саяхан алагдсан Ким Жон Намын үеэл, дүрвэгч Ли Хан Ёныг 1997 онд Хойд Солонгосын хоёр алуурчин Сөүлд буудан хөнөөж байжээ. 2010 онд Солонгосын Хөдөлмөрийн Намын нарийн бичгийн дарга асан, дүрвэгч Хван Жан Ёпыг алахаар завдсан Хойд Солонгосын хоёр тагнуулыг баривчилж, шийтгэж байсан юм. 2011 онд Хойд Солонгосын дүрвэгч, цэрэггүй бүсийн хилийн дагуу ухуулгын цаас тараах ажиллагааг зохион байгуулагч Пак Сан Хакыг хордуулсан зүүгээр хороохыг завдсан тагнуулыг мөн баривчилж, шоронд хорьжээ.

Дээрх шийдвэрээс гадна Куала Лумпурт алагдсан хүнийг Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Нам гэдгийг албан ёсоор баталгаажуулсны дараа Хойд-Өмнөд Солонгосын хил дагуу байрлуулсан суртал нэвтрүүлгийн чанга яригчаар энэхүү аллагын тухай мэдээг цацахаар армийнхан төлөвлөж байгаа гэнэ.

Одоогийн байдлаар Ким Жон Намын алагдсан тухай мэдээллийг Хойд Солонгосын дэглэм ард иргэдээсээ хав даран нууж, одоог хүртэл төрийн хэвлэл мэдээллийн сувгаар ямар нэг мэдээ гаргалгүй чимээгүй байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Хятад-Хойд Солонгосын хил дагуу амьдардаг иргэд энэ талаар огт мэдээгүй байгаа нь харагдсан байна.

Мөн Өмнөд Солонгосын засгийн газар Малайзийн талтай өөрийн төлөөлөгчөөр дамжуулан идэвхтэй хамтран ажиллаж байгааг гадаад хэргийн яам мэдээлжээ.

 

Эх сурвалж: NKnews.org