Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Вьетнамчууд 38 жилийн өмнө Хятадтай хийсэн дайны дурсгалыг хүндэтгэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Бараг дөч орчим жилийн өмнө Вьетнам-Хятадын хооронд өрнөсөн цуст дайны дурсгалыг хүндэтгэхээр өнөөдөр буюу Баасан гарагт Ханой хотын төв талбайд иргэд сайн дураараа цугларсан байна.

Амиа алдсан эх орончдын дурсгалыг хүндэтгэх албан бус үйл ажиллагаа нь цагдаагийн хатуу хяналтан дор болж байгаа ажээ. Эрх баригчид удалгүй чанга яригч ашиглан цугларсан иргэдийг тарахыг уриалсан байна.

Хэдийгээр Вьетнамын засгийн газар албан ёсны арга хэмжээ төлөвлөөгүй ч сонин хэвлэлүүдийн хуудаснаа энэхүү түүхэн үйл явдлын талаар нэлээд нийтлэл энэ долоо хоногийн турш гарсан юм.

1979 оны хоёрдугаар сарын 17-нд буюу яг 38 жилийн өмнө Хятадын хэдэн зуун мянган цэрэг Вьетнамын хилд нэвтэрч богино боловч цус асгаруулсан дайн эхэлж байжээ. Хятадын түрэмгийллийн зорилго нь Камбож дахь Улаан Кхмерийн дэглэмд дайсагнаж байсан Вьетнамчуудад сургамж өгөх байлаа. Бээжингийн дэмжлэгтэй Улаан Кхмерчүүд улс дотроо өргөн хэмжээний геноцид үйлдэж хоёр сая гаруй хүний амийг хөнөөсөн юм. Тэгвэл Улаан Кхмерийн дэглэмийг түлхэн унагахад хөрш Вьетнам улс гол үүрэг гүйцэтгэжээ.

Вьетнамын хилээс Хятад улс цэргээ сар орчмын дараа гаргасан ба талууд өөр өөрийгөө дайны ялагчаар зарлаж байсан юм. Гэхдээ энэ дайны дараа 10 гаруй жил хоёр улсын хил дагуу зэвсэгт мөргөлдөөн тасраагүй. 1991 онд хөршүүд харилцаагаа хэвийн болгосноор дайсагнал зогсож байсан юм.

Түүнээс хойш олон жилийн турш энэхүү дайны тухай мэдээлэл Вьетнамд хаалттай байсан бөгөөд дунд сургуулийн түүхийн сурах бичигт ердөө 11 мөр бичигдсэн байдгийг Vnexpress онлайн суваг мэдээлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post