Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

HEDU.MN: Эрүүл мэндийн боловсрол, үйлчилгээний цогц талбар

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал их, өвдсөн даруйдаа эмнэлэгт дараалалгүй үйлчлүүлэх боломж өнөөдрийн хувьд бага. Харин энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд эрүүл мэндийн салбарт нэгэн шинэ үйл ажиллагааг нэвтрүүлжээ. Тус үйл ажиллагааг нэвтрүүлж буй Magicnet компанийн гүйцэтгэх захирал Н.Цогтсайхантай ярилцлаа.


- Hedu.mn сайтынхаа талаар тайлбарлахгүй юу?

- Magicnet компани Монголын интернэт үйлчилгээний анхдагч гэдгийг олон хүн мэдэх байх. Бид энэ оноос эхлээд үйлчилгээгээ өргөжүүлэн интернэтэд суурилсан контентийн үйлчилгээ нэвтрүүлж эхлээд байна.

Эрүүл мэндийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх  вэб хуудас боловсруулж, арванхоёрдугаар сарын дундаас хойш үйл ажиллагааг нь тогтмолжуулж эхэлсэн байгаа. 

Вэб хуудсын маань хаяг www.hedu.mn. HEDU гэдэг нь Health Education буюу эрүүл мэндийн боловсрол гэсэн үгийн товчлол.

Эрүүл мэнд гэдэг бол хүн бүхий л хэрэгцээний хамгийн чухал, нэн тэргүүнийх гэдэг нь ойлгомжтой. Өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбарын үйлчилгээний хүртээмж, ачааллаас шалтгаалан үйлчилгээ авахад хүнд байдгийг хүн бүр мэдэж байгаа.

Тийм учраас эрүүл  мэндийн мэдээлэл авах, мэдлэгээ дээшлүүлэх, үйлчилгээ авахыг хүссэн хэн бүхэнд цаг хугацаа орон зайнаас үл хамаарсан туслалцаа үзүүлэх, нөгөөтэйгүүр эмчийн хөдөлмөр зохих ёсоор үнэлэгдэх, эрүүл мэндийн бизнесийн хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулах гэсэн үндсэн  зорилгын үүднээс энэхүү вэб хуудсыг боловсруулсан.

- Зорилгоо биелүүлэх үүднээс сайтынхаа хүрээнд ямар үйл ажиллагаа явуулж байна?

- Бидний онцлог бол ердийн вэб сайт буюу өдөр тутмын, цаг үеийн мэдээ мэдээлэл гэхээс илүү цэвэр эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө болон эрүүл мэндийн онлайн үйлчилгээ үзүүлэх юм.

Эрүүл мэндийн үйлчилгээ гэдгийг эмнэлэг, эмийн сан, сувилал, лаборатори зэрэг эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг танилцуулах, борлуулах өөрөөр хэлбэл эрүүл мэндийн байгууллага, үйлчлүүлэгч хоёрыг холбох гүүр болох, эмчийн үйлчилгээг онлайнаар авах гэж ойлгож болно.

Вэб хуудсыхаа үйл ажиллагаанаас гурван зүйлийг онцлохыг хүсч байна.

Нэгдүгээрт, Бид эрүүл мэндийн боловсрол олгох зорилгынхоо хүрээнд  иргэд эцэг эхчүүдийг эмнэлгийн тусламж авахаас өмнө өөрөө эхний баримжаа авахад чиглэсэн  автомат тооцоолуурыг байршуулж өгсөн.

Одоогоор 7-8 тооцоолуурыг байршуулаад байна. Эдгээр тооцоолуурууд эмч ирэхээс өмнө хүнд сандрахгүй тайван байх боломжийг олгоно гэж найдаж байгаа.

Жишээ нь, хүүхдийн амьсгалыг тоолоод тухайн хүүхэд ханиад хүрсэн, хатгаа авсан эсэхийг эхний байдлаар мэдэх боломжтой байдаг. Эцэг эхчүүд манай вэб дээр байгаа тооцоолуурыг ашиглан үүнийг өөрөө мэдэх боломжтой.

 

Хоёрдугаарт,  Эмнэлэгт хийлгэсэн шинжилгээний хариу нь ямар утгатай болох, цаашид хэрхэх тухай зөвлөгөө авахыг хүсдэг хүн цөөнгүй байдаг. Бид ийм хүсэлтэй хүмүүст зориулан дахин эмнэлэгт очих зэрэгт зарцуулах цагийг хэмнэж шинжилгээний хариуг тайлбарлах зөвлөгөө өгөх боломжийг бүрдүүлсэн.

Өөрөөр хэлбэл, шинжилгээнийхээ хариуг зурган хэлбэрээр бидэнд илгээгээд хариугаа уншуулж, зөвлөгөө авах боломжтой гэсэн үг.

Гуравдугаарт, Бидний үндсэн зорилгын маань нэг нь эрүүл мэндийн байгууллага, эмч нарын үйл ажиллагааг дэмжих. Манай вэб хуудас өөрийн хэрэглэгчдэдээ зориулан шилдэг эмч нар, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг давуу эрхтэйгээр боломжийг олгож эхэллээ.

Одоогоор бидэнтэй Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн төвийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Р.Батсолонго болон АШУҮИС-ийн нүүр ам судлалын сургуулийн багш, хүүхдийн нүүр ам судлалын зөвлөх эмч Б.Оюунцэцэг нар хамтран ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, манай хэрэглэгчид дээрх шилдэг эмч нарт үзүүлэх давуу эрхтэй  болж байна гэсэн үг. Бид цаашид олон эмнэлэг, эмч нарын үйлчилгээг та бүхэнд танилцуулахаар зорьж байна.

Дашрамд дурдахад бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн хэн бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно.

- Шууд дамжуулалтаар зөвөлгөө өгдөг гэсэн. Энэ талаар?

- Бид долоо хоногт хоёр удаа төрөл бүрийн өвчин эмгэг, тэдгээрээс яаж сэргийлэх талаар шууд ярилцлага буюу LIVE хийж байна.

Одоогоор бид нэг эмчтэй хамтран ажиллаж байгаа боловч цаашид олон эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж, салбар бүрийн шилдэг эмч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хэрэглэгчдэдээ шууд хүргэх боломжтой болгоно.

- Цаашдын ирээдүйгээ  хэрхэн харж байгаа вэ?

- Товчхон хэлэхэд www.hedu.mn  хуудас эрүүл мэндийн мэдээлэл, үйлчилгээний том талбар болно гэдэгт итгэлтэй байна.

Хэрэглэгчдээ эрүүл мэндийн боловсролын мэдээллээр хангахаас гадна эрүүл мэндийн байгууллагууд, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг  нэг дороос, хямд үнээр, түргэн шуурхай авах боломжийг олгох, бусад олон үйлчилгээг танилцуулахын төлөө хичээн ажиллах болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.