Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

АРДЫН ҮГ: Зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцох 450 иргэнийг сонгож байна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Монголын медиа корпорациас санаачлан зохион байгуулдаг “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян дөрөв дэх удаагаа үргэлжилж байна. Өмнө нь тус аяныг Дорноговь аймаг, Сүхбаатар, Баянгол дүүрэгт амжилттай зохион байгуулсан билээ.

Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн хугацаанд хийсэн ажлыг дүгнэхээр болсон юм. Уламжлал ёсоор “МЕС” судалгааны төвтэй хамтран “Ардын үг” аяныг зохион байгуулж байна. Монгол Улсын сонгуулийн насны иргэдийг төлөөлөх 450 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож хэлэлцүүлэгт оролцуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн ажлыг дүгнүүлэх юм.

“Ардын үг” зөвлөлдөх аяны хамгийн гол зарчим нь хэлэлцүүлэгт оролцох хүмүүст бүх талын мэдээллийг тэнцвэртэй өгснийхөө дараа саналыг нь авч, үр дүнг гаргах байдаг. Тодруулбал, санамсаргүй түүврээр сонгогдсон 450 хүнд Ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн үйл ажиллагааных нь тайланг сонсгоно. Мөн Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг шүүмжилдэг хүмүүсийг хэлэлцүүлэгт оролцуулж байр суурийг сонсох юм. Өөрөөр хэлбэл, хэлэлцүүлэгт оролцож буй хүмүүс эхлээд бүх талын байр суурийг сонсч мэдээлэлтэй болсныхоо дараа хоорондоо зөвлөлдөж нууцаар санал өгнө. Тодорхой мэдээлэлтэй болсон иргэд зөвлөлдөж нууцаар саналаа гаргах нь дэлхий дээрх зөвлөлдөх ардчиллын хамгийн төгс хэлбэр гэж үздэг.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ажлын тайланг хэлэлцэх “Ардын үг” зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлгийн зорилго нь нэгдүгээрт, Ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан хугацаандаа хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд санаачилсан, хэрэгжүүлсэн асуудлуудыг иргэдээр хэлэлцүүлэх, зөвлөлдөх санал асуулгаар үнэлгээ өгүүлэх юм. Хоёрдугаарт, дараагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд иргэд, сонгогчдоос тавих шаардлага, захиас, дэвшүүлж буй асуудлуудыг тодруулах ажээ.

“МЕС” судалгааны төв хэлэлцүүлэгт оролцох 450 хүнээ сонгох ажлаа эхлүүлээд байна. Тус төвийн захирал Л.Золбаатар хэлэлцүүлэгт оролцогчдыг хэрхэн сонгодог талаар тайлбарлахдаа “Хүмүүсээ сонгохдоо тодорхой квот баримтална. Тал нь эрэгтэй, тал нь эмэгтэй байх ёстой. Мөн насны хязгаар заасан квот бий. Түүнчлэн байршил их чухал. Тухайлбал, Сэлэнгэ аймгаас иргэдийг сонгохдоо суурин газар амьдарч байгаагаас нь төд, малчдаас нь төд гэсэн зарчим баримтална. Энэ бол түүвэр судлагааны анхан шатны технологи” гэв.

П.Төрмөнх: Хэлэлцүүлэгт оролцогчдыг санамсаргүй түүврээр сонгодог

“МЕС” судалгааны төвийн судлаачид Яармаг буюу Хан-Уул дүүргийн VI хорооноос хэлэлцүүлэгт оролцогчдоо санамсаргүй түүврийн аргаар сонголоо. Энэ үеэр судлаач П.Төрмөнхтэй цөөн хором ярилцлаа.

-“Ардын үг” хэлэлцүүлэгт оролцогчийг хэрхэн сонгодог тухайгаа жишээгээр  тайлбарлаж болох уу?

-Болно. Бид Яармаг буюу Хан-Уул дүүргийн VI хороо буюу Нүхтийн 31 дүгээр гудамжинд явж байна. Судалгааны ажлаа эхлүүлэхдээ Хан-Уул дүүргийн VI хорооны бүх гудамжийг хамгийн урдаас нь эхлүүлээд өөрсдийнхөөрөө дугаарласан. Түүнийхээ дараа санамсаргүй байдлаар хоёр тоо сонгосон юм. Бид энэ удаад тав, гурав гэсэн хоёр тоо сонгосон.

Тэгэхээр тавдугаар гудамжны гурав дахь айлыг сонгосон гэсэн үг. Энэ айлаасаа судалгаагаа авчихаад хажуу айлаас нь цааш тоолоод гурав дахь айлаас нь судалгаа авах байдлаар түүвэрлэлт хийдэг. Жишээ нь, Улаанбаатар хотын есөн дүүргээс энэ судалгааг авлаа гэхэд хороо бүрээс сонгох хүний тоо нь харилцан адилгүй. Тухайн хороонд 20-иос дээш насны хэдэн хүн байгаагаас хамаардаг юм. Үүний дагуу Хан-Уул дүүргийн VI хорооны гурван айлаас л судалгаа авна.

-Судалгаагаа ажлын бус цаг болон амралтын өдрүүдэд хийдэг нь бас учирт байх, тийм үү?

-Хамгийн гол нь “Ардын үг” аянд өрхийн тэргүүн эсвэл 20-иос дээш насны хүн оролцох ёстой учраас ажлын бус цаг болон амралтын өдрөөр явж хүнээ сонгож байгаа.

-450 хүнийг сонгоход ямар хугацаа шаардлагатай вэ?

-Манай судлаачид нэлээд хэдэн баг болоод тал тал тийшээ явж ажиллаж байгаа болохоор долоо хоногийн дотор 450 хүнээ сонгочихно.

Ч.Энхээ: Ерөнхийлөгч Монгол Улсын олон улсын төвшинд үнэлүүлэхэд их анхаарсан

Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон Хан-Уул дүүргийн VI хорооны иргэн Ч.Энхээ хэлэлцүүлэгт оролцохоо илэрхийлээ. Тэрээр Ерөнхийлөгчийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүн болоосой гэж ард түмэн хүсч хүлээж байсан байх. Монгол Улсын олон улсын төвшинд үнэлүүлэхэд их анхаарсан гэж боддог” гэлээ.