Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Галаарийдий: Бид зундаа 660, өвөлдөө 420 тн гялгар уут, хуванцар ХӨРСӨНД БУЛДАГ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн төвд өнөөдөр “Технож” инкубатор төвөөс хотын захиргаатай хамтран “Гялгар уутнаас татгалзах өдөр” санаачлагын талаар мэдээлэл өглөө.

Нийслэл хотын агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хүлээн зөвшөөрсөн билээ. Улаанбаатар хотод жилдээ 3,000 тонн, жилдээ нэг сая гаруй тонн хог хаягдал гардаг гэсэн судалгаа бий.

ЖАЙКА олон улсын байгууллагын судалгаагаар бид зундаа 660 тонн, өвөлдөө 420 тонн гялгар уут, хуванцарыг булдаг ажээ. Цагаан сартай холбоотой энэ тоо бүр ч их нэмэгддэг гэв.

Энэ талаар “Технож” бизнес инкубатор төвийн захирал Г.Галаарийдий “Гялгар уутнаас татгалзах хэв маягийг иргэдэд хэвшүүлэх нь маш чухал болоод байна. Улаанбаатар хотын өрхүүд хоёр тэрбум орчим төгрөгийг нэг жилд гялгар уут авахад зарцуулдаг. Гаднаас импортолж байгаа энэ бүхэн эргээд Монголын хөрсийг асар ихээр бохирдуулдаг.

Улсын хэмжээнд 447 хогийн цэгт хогийг ил задгай хаядаг. Гялгар уутнууд хөнгөн жинтэй ч дийлэнх хувийг эзлээд байна. Гялгар уутнаас татгалзвал бид ийм их хэмжээний хог хаягдлыг байгальд хаяхаас сэргийлж чадна” гэв.

Мөн иргэдийн анхаарлаа хандуулах өөр нэг чухал зүйл нь цэцэрлэгийн хүүхэдтэй эцэг эхийн хэрэглэдэг гялгар уутан улавч юм. Тэдний хэлж буйгаар нийслэлчүүд сардаа 400 гаруй сая төгрөгийг гялгар уутан улавч авахад зарцуулж байгаа аж. Харин жилдээ энэ тоо 4 тэрбум төгрөгт хүрч байгаа нь байгаль орчин болоод иргэдийн санхүүд хор хөнөөлтэй байгаа хэмээн дүгнэжээ.

Тэд гялгар уутны хэрэглээг даавуугаар солих боломжтой гэж үзэж байна. Уг санаачлагын хүрээнд хэрэгжүүлж буй төслийг Канад сан, “Дэлхийн зөн”, ФЛОМ, НҮБ зэрэг олон улсын байгууллагууд дэмжиж ажиллаж байгаа ажээ. Төслийн дэд хэсэгт оёдлын нийт 55 хүнтэй таван бүлэг байгуулагдаж даавуун уут, улавч үйлдвэрлэх юм байна.

Мөн олон нийтэд нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах, эко сэтгүүлч, эко сурагчдын оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.