Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Говийн гайхамшигт-6” тавуулаа үлдэх вий

С.Шийлэгт, Ардын эрх
2017 оны 2 сарын 14
Ардын эрх
Зураг зураг

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тавхан сарын өмнө “Говийн гайхамшигт-6” буюу “Great Gobi-6” гэсэн нэрийг Монголын брэнд болгон дэлхийд таниулах ажлын эхлэлийг тавилаа хэмээн мэдээлж байв.

Африкийн “Big-5” гэх нэрийг дэлхий дахин андахгүй. Энэ нь заан, ирвэс, арслан, хирс, усны үхэр гэсэн таван амьтны тухай нэршил юм. Ихэнх амьтад хулгайн анчдаас зугтдаг бол тэд эргэж дайрдаг байна. Тиймээс “Big-5” хэмээн нэрлэн алдаршуулж, хамгаалах чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлжээ.

Зөвхөн амьтдаа хамгаалахаасаа гадна энэхүү нэрээ брэнд болгож аялал жуулчлалынхаа салбарт ашиглах болсон байна. Тухайлбал, дээрх таван амьтнаа дүрсэлсэн бэлэг дурсгалын зүйлийг олноор нь худалдаанд гаргажээ. Манай улс Африкийн дээрх жишээнээс санаа авч Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран хавтгай, хулан, мазаалай, тахь, хар сүүлт, бөхөнг “Говийн гайхамшигт-6” буюу “Great Gobi-6” хэмээн нэрлэж, тэднийг алдаршуулахаар болсноо өнгөрсөн есдүгээр сард Говь-Алтай аймгийн Бугат сумын Бижийн голын хөвөө, Тахийн талаас дэлхий дахинд зарласан.

Ингэж зарласны зорилго нь говийн эко систем болон тухайн амьтдаа хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах. Мөн цаашлаад “Great Gobi-6” хэмээх нэрийг аялал жуулчлалын салбарынхаа хөгжилд ашиглах юм. “Говийн гайхамшигт-6” хөтөлбөрийн нээлтийн ажиллагаанд оролцсон Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Д.Батболд “Говийн гайхамшигт-6” хэмээх нэр томьёо Монголын брэнд болоод зогсохгүй дэлхийд танигдах хүртэл ажиллах болно” гэсэн юм. 

Харамсалтай нь “Great Gobi-6” хэмээх нэршилд багтсан зургаан амьтан ховор сайхнаараа дэлхийн нийтийн анхаарлыг татах бус тэдний нэг нь хорогдож үгүй болох гэж байгаагаараа татлаа.

Харамсалтай нь “Great Gobi-6” хэмээх нэршилд багтсан зургаан амьтан ховор сайхнаараа дэлхийн нийтийн анхаарлыг татах бус тэдний нэг нь хорогдож үгүй болох гэж байгаагаараа татлаа. Бөхөнгийн сүргийг бүхэлд нь залгих шахаж буй мялзан өвчинтэй монголчууд бид тэмцэж байна. Бид өөрсдөө тэмцэхээс гадна олон улсын шинжээчид ирж ажиллаж байгаа юм.

Тухайлбал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын удирдамжаар Их Британийн Хатан хааны мал эмнэлгийн их сургуулийн профессор, мал, зэрлэг амьтны их эмч Ричард Кок манай улсад ажиллаж байна. Тэрбээр “Казахстанд болсон бөхөнгийн хорогдлын байдлаас харвал нийт бөхөнгийн 60-80 хувь нь хорогдох магадлалтай. Үүнээс ч давах эрсдэл байна” гэжээ.

Дэлхийд хоёрхон төрлийн бөхөн байдаг аж. Нэгийг нь соргог бөхөн гэж нэрлэх бөгөөд одоо дэлхий дээр 50 мянга гаруйхан үлджээ. Харин монгол бөхөн нь зөвхөн Монголд л байдаг бөгөөд Говь-Алтай аймгийн Шаргын говь, Хүйсийн говь, Ховд аймгийн Дөргөний талд амьдарч байна.

Бөхөн бол маш эртний туруутан гэдгийг эрдэмтэд онцолдог. 25 мянган жилийн өмнө амьдарч байсан бөхөн одоогийнхоос маш бага ялгаатай гэдэг. Өөрөөр хэлбэл, бөхөн нь арслан заан, ноост хирс зэрэг амьтадтай зэрэгцэн амьдарч байсан гэсэн үг. Байгалийн болон хүн амьтны хүчин зүйл, үйлдлээс болж монгол бөхөнгийн тоо толгой жил бүр янз бүрээр хэлбэлздэг ажээ.

Бөхөн бол маш эртний туруутан гэдгийг эрдэмтэд онцолдог. 

Цас зуд ихтэй хүйтэн өвөл болон хавар бөхөн нь турж эцэн өлбөрөх, хөлдөж үхэх явдал байдаг ч одоогийнх шиг олноороо хорогдож байсан тохиолдол үгүй юм. Биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн хамтарч хийсэн судалгаагаар 2012 онд 8,000, 2015 онд 13,800 орчим бөхөн байжээ.

Харин хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд хийсэн тооллогоор 14,000 болж нэмэгдсэн байна. Гэвч шинэ он гарснаас хойш бөхөнгийн сүрэг мялзан хэмээх аймшигт өвчинд нэрвэгдэж 3,000 гаруй нь хорогдоод байгаа талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хэлсэн.

Мөн Их Британийн Хатан хааны мал эмнэлгийн их сургуулийн профессор, мал, зэрлэг амьтны их эмч Ричард Кок нийт бөхөнгийнхөө 80-аас ч илүү хувийг алдах магадлалтайг онцолсныг эргэн сануулъя. Муугаар бодоход устаж үгүй болдоггүй юм гэхэд өмнөх шиг 14,000-уулаа болж өсөхөд их хугацаа шаардах бололтой. Учир нь, тамир тэнхээ муутай эм бөхөн буюу хэрэгчин, янзага нь мялзан өвчнөөр үхэх тохиолдол их гарч байгаа ажээ. Дээрээс нь мялзан өвчнөөр далимдуулан хулгайн анчид эрүүл бөхөнг агнаж эврийг нь авах болжээ.

Мялзан өвчнөөр бөхөн үхэж эхэлсэн даруйд орон нутгийн иргэдэд мялзан өвчинтэй бөхөнгийн эврийг авбал өвчний вирус үс, шүлсээр нь дамжин хувцас, хунарт нь наалдах эрсдэлтэйг сануулсан байна. Үүнтэй холбоотойгоор эрүүл бөхөнг алж эврийг нь авсан тохиолдол хэд хэд гарчээ.

Бүр сүүлдээ амар хялбар аргаар мөнгө олох шуналдаа хөтлөгдсөн хүмүүс өвчнийх нь вирусээс айхгүйгээр үхсэн болон үхлээ хүлээн хэвтэж буй бөхөнгийн эврийг авч эхэлжээ.

Тухайлбал, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат Э бусдад худалдаалах зорилгоор 78 ширхэг бөхөнгийн эвэр тээвэрлэж явсныг илрүүлжээ. Түүнд Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна.

Тэрбээр устгалд оруулахаар бөөгнүүлсэн бөхөнгийн эврийг авсан байжээ. Мялзан өвчнөөр үхсэн бөхөнг устгахдаа эврийг нь тусгай хяналттайгаар авч хадгалах санал гарсан ч Онцгой комиссынхон өвчин нь халдварлахаас сэргийлж зөвшөөрөөгүй байна. Энэ нь эврийг нь зарж ашиг олох гэсэн хүмүүст сайхан боломж болжээ.

Бөхөнгийн эвэр нь дорно дахины анагаах ухаанд хэрэглэгддэг эмийн гол түүхий эд болдог учраас ийнхүү хулгайн анчид болон амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүсийн гол бай болдог аж. Монгол бөхөнг аль эрт бүр 1930 оноос агнахыг хориглосон ч эврийг нь 1990-ээд оноос гадагш гаргаж зарж борлуулах хууль бус үйлдэл эхэлж байжээ.

Бөхөнгийн эвэр нь дорно дахины анагаах ухаанд хэрэглэгддэг эмийн гол түүхий эд болдог...

2013 онд Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд олон тооны бөхөнг хууль бусаар агнаж эврийг нь авсан хэрэг гарсан юм. Тус хэргийн захиалагчид нь БНХАУ-ын иргэд байсан бөгөөд бөхөнгийн нэг эврийг 80-100 мянган төгрөгөөр худалдаж авахаар захиалга өгсөн байв. 

 Бөхөнд нүүрлэсэн мялзан өвчин хулгайн анчдын шуналаас болж “Говийн гайхамшигт-6” тавуулаа болж үлдэх вий гэсэн болгоомжлол төрүүлж байна. 

Ямартай ч Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байгаа ч бүх бөхөнг вакцинжуулах боломжгүй юм байна. Тиймээс Говь-Алтай аймгийн Дарви, Хөхморьт, Шарга сум болон Ховд аймгийн Чандмань, Дарви суманд ажлын хэсэг ажиллаж хязгаарлалтын бүс тогтоон, пост ажиллуулж эрүүлийг нь мялзан өвчний халдвар авсантай нь нийлүүлэхгүй байх арга хэмжээ авч байгаа ажээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, орон нутгийн иргэд байгаль хамгаалагчид гээд нэг аймагт 160 гаруй хүн ажиллаж байна. Аргаль, янгир зэрэг зэрлэг амьтдад мялзан өвчин халдварласан тохиолдол гарсан гэх мэдээлэл байгаа ч ажлын хэсгийнхэн үүнийг үгүйсгэлээ.

Бөхөнгийн сүргийг мялзан өвчний аюулаас хамгаалах, өвчилж үхсэн бөхөнг устгалд оруулахад зарцуулахаар Засгийн газраас 298 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Санхүүжилт нь хурдан хугацаанд шийдэгдээгүй учраас орон нутгийн удирдлагууд нь аж ахуйн нэгжүүдтэйгээ зээлийн гэрээ байгуулж бөхөн хамгаалах ажлаа эхлүүлсэн байна.

Харин одоо Засгийн газрын санхүүжилт очих ёстой газраа очжээ. Гэхдээ “Говийн гайхамшигт-6” тавуулаа болж үлдэх вий гэх болгоомжлол байсан хэвээрээ л байна.

Зураг