Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан будааг агшаах уламжлалт арга эрүүл мэндэд хортойг эрдэмтэд анхааруулжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Үр тариаг хортон шавьжнаас хамгаалахын тулд химийн бодис ашигладаг. Тэгвэл үр тарианы төрлүүд дотроос цагаан будаанд бусдаасаа 10-20 дахин их хүнцлийн хор үлддэг байна. Учир нь цагаан будаа усархаг талбайд ургадаг тул хөрснөөс хүнцэл нь амархан шингэдэг ажээ.

Харин хүмүүс цагаан будааг шууд усанд агшаах замаар хүнсэндээ хэрэглэхэд энэхүү хүнцлийн хор нь хэвээр үлддэг. Тиймээс цагаан будааг хоол хүнсэндээ ахиу хэрэглэдэг хүмүүсийн эрүүл мэндэд хор хүргэх эрсдэлтэй. Хүнцлийн хэмжээ хүний биед нэмэгдсэнээр зүрх судас, чихрийн шижин, хорт хавдар зэрэг олон өвчинд хүргэх магадлалтай юм.

Ихэнх хүмүүс будааг агшааж болгох үед хүнцэл нь арилдаг гэсэн ойлголттой байдаг.

Тэгвэл саяхан BBC сувгийн “Trust Me, I’m a Doctor” (Би эмч хүн! Надад итгэ!) нэвтрүүлэгт орсон Белфастийн Хатан Хааны Их сургуулийн биологийн ухааны профессор Энди Мехарг гурван янзаар цагаан будааг агшаасны дараа хүнцлийн хэмжээг нь хэмжиж үзүүлжээ.

Эхлээд тэр нэг аяга будаанд хоёр аяга ус гэсэн харьцаатайгаар агшаахад будаан дахь ихэнх хүнцэл хэвээр үлдсэн байв.

Дараа нь тэр нэг аяга будаанд таван аяга ус хийгээд будааг угааж, илүүдэл усаа хассаны дараа агшаахад хүнцлийн тал нь хасагдсан байжээ.

Харин гурав дахь удаагаа тэр будааг усанд дэвтээж хонуулаад дараа нь будааг цэвэрхэн болтол нь угаасан байна. Ингээд нэг аяга будаанд таван аяга ус харьцаатайгаар агшаахад хүнцлийн 80 орчим хувь нь хасагдсан байжээ.

Ялангуяа хүүхдэд зориулж бэлдсэн хоолонд үүнийг анхаарах ёстой гэнэ. Institute for Global Food Security байгууллагын гаргасан тоо баримтаар Их Британид хэрэглэгдэж байгаа будааны төрлийн хүнсний 58 хувь нь хүнцлийн өндөр агууламжтай байдаг ажээ.

 

Эх сурвалж: Independent