Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

"80:20" буюу Монголын бизнесийн орчныг ХЭРХЭН ҮНЭЛЭВ?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

MҮХАҮТ-аас сүүлийн 10 гаруй жилийн турш хийж буй “Бизнесийн итгэлийн индекс” судалгааныхаа энэ жилийн дүнг өнөөдөр танилцууллаа. Энэ судалгаагаар макро эдийн засгийн асуудлуудад бизнес эрхлэгчид ямар хүлээлттэй байгаа болон бизнесийн орчинд нөлөөлж буй нөлөөллүүдийг хэмждэг.

Судалгааг Улаанбаатар хот, орон нутгийн бизнес эрхлэгчид, олон нийтийн дунд ганцаарчилсан ярилцлага авах болон онлайн хэлбэрээр явуулжээ. Нийт 862 хүн хамрагдсан байна. Судалгаанд оролцогчдын 60 орчим хувь нь эмэгтэйчүүд бол 40 хувь нь эрэгтэйчүүд ажээ. Тэдний 66 хувь нь дээд боловсролтой.

МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа "Манай судалгаанд хамрагдсан иргэд, ААН-ийн 40 хувь нь бизнесийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх ямар ч итгэлгүй, сөрөг хүлээлттэй байгаа.

Харин 30 хувийнх нь хүлээлт эерэг байгаа бол 30 хувь нь харзнаж байгаа гэсэн хариу өгсөн. Мөн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 74.1 хувь нь ирэх жил бизнесээ өргөжүүлэхгүй гэж хариулсан" гэв. 

Судалгааны гол асуулт болох Монголын бизнес, санхүүгийн орчны өөрчлөлтийг ингэж дүгнэжээ. Хариултаас харахад судалгаанд оролцогчдын бараг 80 хувь нь муу үнэлгээ өгсөн бол 20 хувь нь сайн үнэлгээ өгсөн байна. 

Асуулт: 2016 оны эхний хагас жилд Монгол Улсын бизнес, санхүүгийн орчин хэрхэн өөрчлөгдсөн бэ?

4.4 хувь Мэдэхгүй

27.9 хувь Маш их муудсан 

28.8 хувь Өмнөхөөс бага зэрэг муудсан

16.4 хувь Огт өөрчлөгдөөгүй

17.6 хувь Бага зэрэг сайжирсан

3.6 хувь Эрс сайжирсан

Бизнесийн итгэл сул байгаа үед бизнесийн орчныг сайжруулахад саад болж буй зүйлсийг тодорхойлох нь чухал. Доорх графикаас Монголын бизнесийн орчинд хамгийн саад болж буй хүчин зүйлсийг харж болно. Нийт 9 хүчин зүйлийн 7 нь төрөөс хамааралтай байгааг дурдах нь зүйтэй. 

ГРАФИК 1: Бизнесийн орчинг сайжруулахад саад болж буй хүчин зүйлс

ГРАФИК 2: Бизнесийн орчны өөрчлөлт

2010 оноос хойш бизнесийн орчны өөрчлөлтийн талаарх эерэг хариулт тогтмол буурах трендтэй байна. Бизнесийн орчин сайжрах тухай хүлээлт сонгууль болох жилүүдэд эерэг дүн үзүүлдэг ажээ. 

2012 оноос хойш бизнес эрхлэгчдийн ашиг орлого бизнестээ оруулж буй хөрөнгө оруулалт буурсан трендтэй байна. Гэвч ирээдүйд хөрөнгө оруулалт хийх тухай хүлээлт нь 2016 онд өмнөх оноос сэргэсэн, эерэг үр дүнтэй гарчээ. Гэхдээ энэ хүлээлт бодит байдал дээрээ ихэвчлэн буурдаг тухай судалгааны багийнхан онцолж хэллээ.