Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Гемодиализын эмчилгээг төрөөс санхүүжүүлэх шийдвэр ЭНЭ САРД хэрэгжих төлөвтэй байна"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 2 сарын 14
iKon.MN
 

Бөөрний дутагдалд орсон хүн бөөр шилжүүлэн суулгах, хэвлийн диализын эмчилгээ хийлгэх эсвэл гемодиализын аппаратанд тогтмол орох шаардлагатай байдаг. Манай улсын хэмжээнд жилд нийтдээ 500-700 хүн гемодиализын эмчилгээнд ордог гэсэн тоон мэдээлэл байна.

Харин 2017 оноос эхлэн гемодиализын эмчилгээний төлбөрийг төрөөс санхүүжүүлж, үйлчлүүлэгчдээс төлбөр авахгүй байхаар хууль тогтоомж гаргасан. Гэвч өнөөдрийг хүртэл хэрэгжиж амжаагүй байна. Үүнтэй холбогдуулан бид бөөрний дутагдал өвчний талаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн бөөрний төвийн эмч Д.Хурцбаяртай ярилцлаа. 


- Бөөрний дутагдал гэж юу вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

- Бөөрний дутагдал гэдэг маань бөөр ажиллагаагүй болж байна гэсэн үг. Бөөр ерөнхийдөө 7-8 төрлийн үүрэг гүйцэтгэдэг эрхтэн.

Биеэс бодисын солилцоогоор ялгарсан хорт бүтээгдэрүүнийг зайлуулах, биеийн шингэний балансыг тохируулах, хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг хянах, даралт зохицуулах, цус төлжилт болон бүлэгнэлд оролцох, эрдсийн солилцоо оролцох зэрэг чухал үйл ажилгаа хийдэг.

Харин ажиллагаагүй болж, үүргээ гүйцэтгэхгүй болохоор хүний биед муу нөлөө үзүүлж эхэлдэг. Бөөрний дутагдал нь бөөрний бүх төрлийн өвчний эцсийн шат.

Түүнээс гадна даралт ихсэх өвчин болон чихрийн шижин, тулай зэрэг бодисын солилцооны өвчнүүд бөөрний дутагдалд оруулдаг.

Тэгэхээр бөөр үүргээ гүйцэтгэж чадахаа больсноор шээсээр ялгардаг бодисын солилцоогоор үүссэн хорт бүтээгдэхүүнүүд биеэс гадагшилж чадахаа больно.

Ингэснээр тэрхүү хорт бодис нь биед эргэлдэж, зүрх, элэг, тархи зэрэг амьдралын чухал эрхтнүүдийг гэмтээж эхэлдэг. Тиймээс бөөрний дутагдлын үед биеийн чухал эрхтнүүдийн үйл ажиллагааны алдагдал болдог гэсэн үг.

- Ямар эмчилгээ шаардлагатай байдаг вэ?

- Бөөр ажиллагаагүй болох үед гурван төрлийн бөөр орлуулах эмчилгээ хийдэг. Эдгээр нь бүгд Монгол улсад хийгдэж байна. Тухайлбал, манай эмнэлэгт эдгээр эмчилгээ бүгд хийгдэж байна.

- Ямар ямар эмчилгээ  байдаг вэ. Одоогоор эмчилгээ хэр хүртээмжтэй байгаа вэ?

- Нэгдүгээрт, бөөр шилжүүлэн суулгах. Энэ нь бөөр нь ажиллагаагүй болсон хүнд өөр хүний бөөрийг авч суулгана гэсэн үг. Шилжүүлэн суулгасан эрүүл бөөр нь дээр хэлсэн үүргүүдийг хэвийн гүйцэтгэнэ. Гэхдээ энэ эмчилгээнд бөөрөө өгөх донорын асуудал яригдана.

Одоо манайд мөрдөгдөж байгаа хуулиар төрсөн ах, дүү, эцэг, эх л эрхтнээ өгөх боломжтой. Одоогийн байдлаар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт 150 орчим бөөр шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай хийгдээд байна.

Хоёрдугаарт, гемодиализын аппаратын тусламжтай биеэс хортой бодисыг цэвэрлэх арга. Энэ аппарат нь бөөрний үндсэн үүргийн ердөө хоёрыг нь л гүйцэтгэдэг. Хорыг нь шүүнэ, илүүдэл шингэнийг гадагшлуулна. Энэ эмчилгээ манай Монгол Улсад хийгдэж эхлээд 40 гаруй жил өнгөрч байна.

Манайд мөрдөгдөж байгаа хуулиар төрсөн ах, дүү, эцэг, эх л эрхтнээ өгөх боломжтой.

Манай эмнэлэг 150 гаруй хүн эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Харин Монгол Улсын хэмжээнд 130 орчим аппаратаар 500 гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Тухайлбал Нийслэлд Улсын Төв эмнэлгүүдээс гадна дүүргийн эмнэлгүүд мөн 15 аймагт орон нутагт үйл ажилгаа явуулж байгаа бөгөөд бүх аймгуудад тун удахгүй энэ эмчилгээг хийгдэж эхлэх нь.

Гуравдугаарт, хэвлийн диализ эмчилгээ гэж байдаг. Энэ нь аппаратны тусламжтай бус хэвлийд тусгай диализын уусмал оруулж, хэвлийгээс хортой бодисыг шүүж авдаг арга. Энэ арга практик нэвтрээд хоёр жил болж байна.

Энэ гурван төрлийн эмчилгээ гурвуулаа манай улсад хийгдэж байна. Гэхдээ бид бүх бөөрний дутагдалтай хүмүүст эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа юу гэвэл хараахан үгүй.

- Хүлээж байгаа хүмүүс ямар тохиолдолд яаралтайгаар аппаратанд орох боломжтой болно гэсэн үг вэ?

- Хэдийгээр аппатын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа боловч аппарат хүрэхгүй байгаа. Манай эмнэлэгт гэхэд 30 гаруй хүн аппарат хүлээгээд хүлээлгэнд байна.

Харин хүлээгдэл нь дэлгүүрээс юм авч байгаа юм шиг хурдан ахидаггүй. Гемодиализын аппаратанд орж байгаа хүмүүс бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх эсвэл нас барж байж дараагийн хүн эмчилгээ хийлгэх боломж гарна.

Нэгэнт бөөрний дутагдалд орсон хүн эдгэнэ гэж байхгүй. Зөвхөн бөөр орлуулах эмчилгээ л хийгдэнэ.

- Шинэ аппаратыг тогтмол нэмдэг үү?

- 7-8 жилийн өмнө Монгол Улс дөрвөн аппараттай байсан. Харин одоо манай улсад нийтдээ 130 гаруй аппарат байна.

Тэгэхээр энэ салбар хөгжиж байна. Улсын хэмжээнд 5-6 аймаг нийслэлийн хэмжээнд 2-3 дүүрэг л аппаратгүй байна. 130 аппаратын 30 гаруй нь хувийн долоон эмнэлэгт бусад нь улсын эмнэлэгт байна.

Гэхдээ төрөөс аппарат тавьж өгч, эмчилгээ үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байгаа боловч өвчлөл их байгаа учраас хүлээгдэл байсаар байна. Эмчилгээ үйлчилгээ хөгжиж байгаа боловч өвчлөлийн хурдыг гүйцэхгүй байна.

- Зардлын хувьд ямар байдаг вэ. Гемодиализын эмчилгээ үнэ төлбөргүй болж байгаа шүү дээ?

- Гемодиализын эмчилгээг төрөөс санхүүжүүлдэг болж байгаа. Гэхдээ шийдвэр гарсан боловч амьдрал дээр арай хэрэгжээгүй байна. Энэ сард хэрэгжиж эхлэх төлөвтэй байна.

Хэрэв улсын болон хувийн эмнэлгүүд ялгалгүй энэ эмчилгээг үнэгүй хийх буюу хувийн эмнэлгүүдийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулдаг болчихвол ямар нэг хүлээгдэлгүй болно.

Эмчилгээ үйлчилгээ хөгжиж байгаа боловч өвчлөлийн хурдыг гүйцэхгүй байна.

Зардлын хувьд гемодиализын аппаратанд ороход улсын эмнэлэг үнэ төлбөргүй буюу төрөөс төлбөрийг гаргаж байна. Хувийн эмнэлэгт багадаа 100,000, ихдээ 180,000 төгрөгийн үнэтэй. Долоо хоногт заавал гурван удаа орох шаардлагатай.

Тэгэхээр долоо хоногт 500 гаруй мянган төгрөг, сард 2 сая төгрөг болно. Мэдээж өвчтэй хүн зөвхөн аппаратанд орохгүй, хажуугаар нь цус төлжүүлэх эмчилгээ, эрдсийн солилцоог идэвхжүүлэх, даралт бууруулах зэрэг эмчилгээ байнга хийлгэнэ.

Бүгд л төлбөртэй. Өөрчлөлтөөсөө хамаараад сард 100-200 мянган төгрөгийг эмэнд зарцуулна. Тэгэхээр өвчтөн, өвчтөний гэр бүл, хамаатан саданд маш хэцүү байдаг.

-Хэвлийн диализ эмчилгээ төлбөртэй юу?

- Хэвлийн диализ эмчилгээний төлбөрийг төрөөс хариуцаж байгаа.

Дашрам хэлэхэд төрөөс бүгдийг даагаад байгаа тогтолцоо маань ч учир дутаглалтай л гэж боддог. Зарим хэсгийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх хэрэгтэй байх. Багахан хэсгийг хувь хүн өөрөө хариуцаж болно.

Олон улсын жишиг ийм л байдаг. Улс орны эдийг засгын байдлаас хамаараад хувь процент нь өөр өөр байдаг.

- Бөөрний дутагдал юунаас болж үүсдэг юм бол. Яаж сэргийлэх вэ?

- Бөөрний өвчнүүдийн эцсийн шат нь бөөрний дутагдал гэж хэлсэн. Тэгэхээр бөөрөө өвтгөхгүй байх нь чухал.

Нэг. Монгол орон эрс тэс уур амьсгалтай, өвөл нь хүйтэн. Тэгэхээр даарч хөрснөөс болж бөөр өвдөх нь элбэг.
Хоёр. Янз бүрийн голомтот үрэвслүүд бөөрийг өвтгөнө. Жишээлбэл, хоолой өвдөх, шүд өвдөх, хамар нармайн үрэвсэлт өвчин зэрэг архаг голомтууд бүгд бөөрийг өвтгөнө.
Гурав. Вирүсийн халдвар манайд их элбэг байна элэгний вирус гэх мэт энэ мөн бөөрийг гэмтээнэ.
Дөрөв. Агаарын бохирдол бол дам үйлчилгээтэй, бөөр маш их цусан хангамжтай эрхтэн учраас хүчилтөрөгчийн дутагдал бөөрний хэвийн үйл ажиллагаанд нөлөөлнө. Ялангуяа агаарын бохирдолтой байгаа энэ үед жирэмсэн эхчүүд болон урагт ч мөн нөлөөлнө.
Тав. Чихрийн шижин их болж байна. Энэ бол том аюул. Энэ мөн л бөөрөнд нөлөөлнө. Сахарын шалтгаанд бөөрний дутагдал ойрын үед эрс ихэснэ.

Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Агаарын бохирдолтой үед аль болох амны хаалт зүүх, даралт ихтэй бол даралтны эм уух, эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ шүд, хоолойг эмчлүүлэх гэх зэргээр сэргийлэх хэрэгтэй.

Үүнээс гадна сар бүр тогтмол шинжилгээгээ хийлгэж байх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээгээ цаг тухайд нь өгч байх хэрэгтэй. Өвдсөн үгүйгээ мэдэхгүй явж байгаад гэнэт бөөрний дутагдалтай болсон хүн олон байна шүү дээ.

- Насны хувьд ямар байдаг вэ?

- Ид хөдөлмөрийн насны хүмүүс бөөрний дутагдалд их орж байна. Манайд байгаа судалгаагаар бөөрний дутагдалд орсон хүмүүсийн 50-60 хувь нь залуучууд байна.

 

Бөөрний дутагдалд оруулж байгаа үндсэн өвчин бол бөөрний өвчин. Тэр дундаа түүдгэнцрийн өвчин гол шалтгаан болдог.

Түүдгэнцрийн үрэвсэл залуучуудад их тохиолдоно ялангуяа эрэгтэй хүүхдүүд их өвдөнө. Харин чихрийн шижин, цусны даралт зэргээс үүдэлтэй бөөрний өвчлөл ахимаг насны хүмүүст илүү тохиолддог.

- Энэ өвчнөөр нас барах тохиолдол их байдаг уу?

- Бөөрний дутагдалтай хүмүүсийн нас баралт сүүлийн үед багассан. Учир нь манай улсад хийгдэх ёстой эмчилгээнүүд нь бүгд хийгдэж байна.

Бөөр орлуулах эмчилгээнд орж чадахгүй байгаа буюу хүлээж байгаа хүмүүс нас барна. Аппаратанд орж байгаа хүмүүсийн хувьд харьцангуй бага.

Гемодиализын аппаратаар эмчлүүлээд 20 гаран жил болсон хүн ч байна. Диализаар эмчлүүлүүлэгсдийн ихэнх нь 7-8 жил болсон хүмүүс байна.

-Бөөрний өвчлөл таргалалттай холбоотой юу?

- Таргалалттай холбоотой зүйл байна. Тарган хүмүүс зүрх муу даралт ихтэй байх нь элбэг. Даралт бол бөөрний дутагдалд хүргэдэг гэж дээр хэлсэн. Мөн тарган хүмүүст бодисын солилцооны өөрчлөлт ялангуяа цусан дахь сахар ихсэх нь элбэг.

Чихрийн шижингийн тухай түрүүн бид ярьсан. Чихрийн шижинтэй хүмүүс даралт ихсэнэ, шээсээр уураг алдана ер нь 15-20 жилийн дараа бөөрний дутагдалд ордог. Туранхай хүмүүсийн хувьд бөөр унжиж болно.

- Бөөрний суналт нь цаашлаад бөөрний дутагдал болох эрсдэл бий юу. Яаж сэргийлэх вэ?

- Бөөрний суналт гэдэг нь бөөр нэг их сунаад урт болоод байгаа юм биш. Бөөр унжиж доошлохыг хэлж байгаа юм. Тэр үед бөөрний даруулга хийгээд явж болно. Мөн хэвлий аарцгийн булчин хөгжүүлэх дасгал хийж, хэвлийн дотоод даралт ихэсгэвэл унжих нь гайгүй болно.

Үгүй ядаж бага зэрэг таргалвал бас гайгүй болно. Тэгэхдээ их таргалах  хэрэггүй. Бөөрний суналттай хүмүүс бөөрний тэвшинцрийн үрэвслэээр өвдөх нь элбэг харин дутагдалд орох нь гайгүй.

- Ярилцсанд баярлалаа.