Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпийн медаль хийх зорилгоор хуучин гар утаснуудаа хандивлахыг Япончуудад уриаллаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Токио 2020 зуны Олимпийн наадмыг зохион байгуулагчид Японд амьдарч буй хүмүүсийг хуучин, хэрэглэхгүй болсон гар утаснуудаа медаль хийхэд хандивлахыг өчигдөр уриалжээ.

Зохион байгуулагчид нь харилцаа холбооны NTT Docomo компани, Японы Байгаль орчныг Цэвэршүүлэх Төвтэй хамтран ирэх дөрөвдүгээр сараас хуучин гар утас цуглуулах ажиллагааг эхлүүлэх ба 8 тонн ийм хаягдал цуглуулна гэж тооцоолсон байна.

Хандив хүлээж авах хайрцгийг NTT Docomo компанийн 2,400 салбаруудад байрлуулах гэнэ. 8 тонн хаягдлаас ялгаж авах 2 тонн металаар Олимпийн наадамд ашиглагдах 5,000 медалийг үйлдвэрлэх юм.

Цуглуулах ажиллагаа нь зорилгодоо хүрмэгц хандив авахаа зогсоохыг бас мэдээлжээ.

Өмнөх Олимпуудын медалийг хийхдээ дахин боловсруулсан метал ашиглаж байсан ч Токиогийн наадам анх удаа хуучин электроник төхөөрөмжийн хаягдлаар бүтээх гэж байгаагаараа онцлог юм.

Электроник төхөөрөмжүүдийн бүтцэд үнэтэй ховор метал ордог боловч дахин боловсруулж, тэдгээрийг ялгаж авах технологи нь нарийн төвөгтэйд тооцогддог ажээ.

 

Эх сурвалж: Japan Times