Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани сүүлийн улиралд 78 сая iPhone борлуулж дээд амжилт тогтоолоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 1
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө Apple компани 2016 оны сүүлийн улирлын санхүүгийн тайлангаа зарлалаа.

2016 оны гуравдугаар улиралд Apple түүхэндээ анх удаа орлого, ашиг нь буурсан үр дүнг үзэж байсан бол дараагийн улиралд нь хүчтэй өсөлт бий болгож чадсан байна.

Дөрөвдүгээр улиралд Apple $78.4 тэрбумын орлого олсон нь төлөвлөж байсан $77.38 тэрбумаас давж, өмнөх оны мөн үеэс 3.3 хувь өссөн үзүүлэлт болжээ.

Үүн дотроо iPhone гар утас 78.29 сая ширхэгийг зарсан нь өмнөх дээд амжилтаас 4 сая орчмоор давсан дүн юм.

Гэхдээ Apple дөрөвдүгээр улиралд орлогоо өсгөсөн ч ашиг нь $18.4 тэрбумаас 2.5 хувиар буурч $17.9 тэрбум болжээ. Өөрөөр хэлбэл Apple шинэ бүтээгдэхүүнээ сурталчлахад өмнөх улирлаасаа илүү их зардал гаргасан гэсэн үг юм.

Apple-ийн CEO Тим Кук “Энэ улирал бол iPhone-ий хувьд онцгой улирал байлаа” гэж мэдэгдсэн байна. Шинээр гаргасан iPhone 7 загвар, түүн дотроо iPhone 7 Plus хувилбар нь маш өндөр эрэлттэй байсан гэжээ.

Нэг үгээр хэлбэл iPhone 7-г зах зээл маш сайн хүлээж авсан нь харагдсан байна.

iPhone утас тус компанийн орлогын 69 хувийг бүрдүүлжээ. Бусад бүтээгдэхүүний хувьд iPad-ын борлуулалт 22 хувь унаж $5.5 тэрбум, Mac компьютерийн борлуулалт 7 хувь өсөж $7.24 тэрбум, Apple Watch-ын борлуулалт 8 хувь унаж $4 тэрбумд тус тус хүрсэн байна.

 

Эх сурвалж: Quartz