Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Арабууд шонхор шувуундаа онгоцны тийз авах нь хэвийн үзэгдэл

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Америкийн олон нийтийн Reddit сүлжээнд 80 ширхэг шонхор шувууг маллагчдын хамт иргэний нислэгийн онгоцоор тээвэрлэж байгаа зураг тавигдсан нь интернэт хэрэглэгчдийн анхаарлыг татжээ.

Зургийг нийтлэсэн хүний мэдээлж байгаагаар энэ нь Арабын Нэгдсэн Эмират Улсын нэгэн язгууртны шонхор шувуугаа тээвэрлэж байгаа байдал гэнэ.

Ойрх Дорнодод шонхор шувуугаар ан хийх соёл эртнээс уламжлагдаж ирсэн бол АНЭУ-д одоо болтол чухал зан үйлд тооцогддог. Тус улсын үндэсний шувуу гэж өргөмжлөгддөг шонхорт нислэгийн компаниуд нь үйлчлэх дүрэмтэй байдаг гэнэ.

АНЭУ шонхор шувуунд тусгай паспорт гаргаж өгдөг ба түүгээр Бахрейн, Кувейт, Оман, Катар, Саудын Араб, Пакистан, Морокко, Сири зэрэг улсууд руу зорчих эрхтэй. Паспорт нь гурван жилийн хүчинтэй хугацаатай байдаг талаар АНЭУ-ын Байгаль Орчин, Цаг уурын өөрчлөлтийн яамны сайтад мэдээлжээ.

Онгоцоор зорчуулахын тулд шонхор шувуудад суудал, өмсгөл заавал байх ёстой. Булангийн орнуудын нислэгийн компаниуд шонхор тээвэрлэхийг зөвшөөрсөн байдаг. Тухайлбал, Катар Эйрвэйз компани экономи ангиллын суудалд зургаа хүртэл тооны шонхор тээвэрлэхийг нэг удаагийн нислэгт зөвшөөрдөг аж.

Этихад Эйрвэйз компани мөн шонхорыг ердийн зорчигч мэт хүлээж авч, үйлчилдэг тухай өөрийн вэбсайтад мэдээлжээ.

Тиймээс та Арабын орнуудын нисэх онгоцонд зорчихдоо шонхортой зэрэгцэж суух магадлалтай юм байна.

 

Эх сурвалж: Business Insider