Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс анх удаа гадаад гэрийн үйлчлэгчдийг ажиллуулж эхэлнэ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Эмэгтэйчүүдийг хүүхэд төрүүлснийх нь дараа дахин ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангах Японы засгийн газрын бодлогын хүрээнд анх удаа гадаад гэрийн үйлчлэгч нарыг ирэх гуравдугаар сараас эхлэн Канагава муж, Осака хотод ажиллуулж эхлэхээр болжээ.

50 орчим филиппин ажилчин хоёрдугаар сард Японд ирж, засгийн газраас батламжилсан компаниудын үзүүлэх сургалтад суусны дараа ажиллах газрууддаа хуваарилагдах аж.

Өмнө нь зөвхөн гадаад дипломатууд гадаад гэрийн үйлчлэгчтэй байхыг зөвшөөрдөг байсан юм. Гэвч 2015 онд ерөнхий сайд Шинзо Абэгийн санаачилгаар япон эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулахын тулд гадаад орнуудаас гэрийн үйлчлэгч авахаар болжээ.

Энэ хөтөлбөрийн хүрээнд гадаад гэрийн үйлчлэгч нар зөвхөн хоол хийх, хувцас угаах, цэвэрлэгээ, дэлгүүрээс хүнс цуглуулах, хүүхэд харах ажиллагаа явуулах гэнэ. Харин өвчтэй хүн асрах ажлыг одоогоор хийхгүй байхаар зохицуулжээ.

Гэрийн үйлчлэгчийн шаардлагад 18 нас хүрсэн байх, доод тал нь нэг жилийн ажлын туршлага, Япон хэлний суурь мэдлэгтэй байх ёстой гэжээ.

Тэднийг бас хамгийн багадаа 200 цагийн сургалтад хамрагдсан байхыг шаардаж байгаа юм.

Гадаад үйлчлэгч нарын Японд байх хугацааг нь гурван жилээр хязгаарласан байна. Засгийн газар энэ хөтөлбөрийг цаашдаа Япон даяар нэвтрүүлэх гэнэ.

 

Эх сурвалж: Japan Today