Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Канад цагаачдыг урьж, Иран Америкчуудыг нэвтрүүлэхийг хориглолоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Канадын ерөнхий сайд Жастин Трюдо

Дональд Трампын Баасан гарагт гаргасан цагаачлалын шийдвэр дэлхий дахинд дуулиан дэгдээж байна.

Бямба гарагт АНУ-ын олон улсын нисэх буудлуудад эмх замбараагүй байдал үүсч, гадаадаас ирсэн олон тооны цагаач, дүрвэгчдийг хилийн ажилтнууд саатуулж байгаа бол тэднийг чөлөөлж, нэвтрүүлэх гэсэн хуульчид, өмгөөлөгчид тэмцэж эхэлсэн байна.

Харин энэ үед Канадын ерөнхий сайд Жастин Трюдо өөрийн твиттер хуудсанд Сирийн дүрвэгч охинтой ярилцаж байгаа зургаа оруулаад “Канадад тавтай морил!” хэмээн жиргэжээ. Үүний дараа тэр “Өөр өөр гарал угсаатай байх нь бидний хүч чадал юм” гэж бичсэн байна.

Канадын давхар иргэншилтэй 35,000 орчим иргэний АНУ-д зорчих боломжийг Трампын шийдвэр хааж байгааг Канадын статистикийн тоо баримт харуулж байгаа гэнэ.

Тиймээс Канадын тал АНУ-тай хоригийн талаар нарийвчлан тодруулахаар ажиллаж байгаа ажээ.

Өнгөрсөн жил Канад улс зөвхөн Сириэс 39,000 дүрвэгч хүлээж авсан юм.

Тэгвэл өчигдөр бас Ираны засгийн газар Трампын шийдвэрт хариу арга хэмжээ авч Америкийн иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй болж байгаагаа зарлалаа.

Ираны гадаад хэргийн яамны мэдэгдэлд “Хэдийгээр АНУ-ын засаг захиргааны дайсагнасан бодлого, Америкийн жирийн иргэдийн үзэл бодол ялгаатайг мэдэж байгаа ч Иран улс өөрийн иргэдийн эсрэг авсан цагаачлалын хоригийг буулгах хүртэл Америкийн иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй болж байна” гэжээ.

“Муслимууд, түүний дотор Ираны иргэдийг АНУ-д зорчих боломжгүй болгосон нь экстремистүүдэд том бэлэг барьж байгаатай ижил” хэмээн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Мексикийн хил дагуу хана босгох шийдвэрээ Трамп танилцуулсны дараа Ираны ерөнхийлөгч Хасан Рухани “Өнөөдөр бол үндэстэн хооронд хана хэрэм босгодог цаг үе биш. Тэд Берлиний хана олон жилийн өмнө нурсныг мартсан бололтой” гэж шүүмжилж байсан юм.

 

Эх сурвалж: Reuters