Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-АНУ-ын ерөнхийлөгч нар анх удаа утсаар ярилцлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп гадаад орнуудын тэргүүнүүдтэй утсаар ярьж байгаа нь

АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай өчигдөр анх удаа утсаар холбогдож ярилцсан нь нэг цаг орчим үргэлжилжээ.

Энэхүү ярилцлагын дараа Кремлийн гаргасан албан мэдэгдэлд “талууд Орос-Америкийн харилцааг тогтворжуулах, бүтээлч, эрх тэгш, харилцан ашигтай хөгжүүлэх сонирхлоо харилцан илэрхийлсэн” гэсэн байна. Мөн олон улсын асуудлууд дээр хамтран ажиллахаар болжээ.

Ерөнхийлөгч нар Сири дэх террорист байгууллагууд, Исламын улс бүлэглэлийг устгахад бодитой хамтын ажиллагаа бий болгох, Украины хямрал, Израиль-Палестиний асуудал, Солонгосын хойг, Ираны цөмийн хөтөлбөр зэрэг сэдвүүдээр хэрхэн хамтарч ажиллах тухай санал солилцсон байна.

Мөн хоёр удирдагчийн уулзалтыг ойрын үед зохион байгуулах ажлыг эхлүүлэхээр болжээ.

Дональд Трамп “Оросын ард түмэнд аз жаргал, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөж” Америкчууд “Орос оронд, хүн ардад нь халуун дулаан сэтгэгдэлтэй” байдгийг хэлсэн байна.

Владимир Путин хариуд нь түүхийн турш Орос-Америк улсууд холбоотнууд байж ирснийг онцлон дурджээ. Путин “хоёр зууны турш Орос улс АНУ-г дэмжиж, дэлхийн хоёр дайны үед холбоотнууд байж ирсэн бөгөөд одоо ч Америкийг олон улсын терроризмтай тэмцэх тэмцлийн гол түншээ гэж хардаг” хэмээн хэлсэн байна.

Барак Обамагийн засаг захиргааны үед Хүйтэн дайнаас хойш хамгийн доод хэмжээндээ хүрсэн Орос-Америкийн харилцааг сайжруулах эхний алхам ийнхүү хийгдлээ.

Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах асуудлыг ярихад “хэтэрхий эрт” байгааг Трамп өмнө нь мэдэгдэж байсан юм. Тэрээр Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэл, цөмийн зэвсгийн хэмжээг бууруулах амлалт зэрэг хамтын ажиллагаануудын үндсэн дээр хоригийг цуцлах тухай ярилцах боломжтой гэж мэдэгдэж байсан.

Баасан гарагт Трамптай уулзсан Британий ерөнхий сайд Тереза Мэй АНУ-ыг Оростой харилцахдаа “хамтар, гэхдээ болгоомжтой бай” гэсэн зарчмыг баримтлахыг уриалсан юм.

Өчигдөр Дональд Трамп бас Япон, Герман, Франц, Австралийн төрийн тэргүүнүүдтэй утсаар ярилцжээ.

 

Эх сурвалж: Russia Today, Associated Press