Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Марк Зукерберг: Нэгдсэн Улс бол цагаачдын орон, бид үүгээрээ бахархах ёстой

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп ба Марк Зукерберг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын талаар гаргасан хатуу шийдвэрийн дараа Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг мэдэгдэл хийжээ.

Фэйсбүүк хуудсандаа гаргасан мэдэгдэлд тэр “Миний өвөг дээдэс Герман, Австри, Польшоос гаралтай. Присциллагийн эцэг, эх Хятад, Вьетнамаас ирсэн цагаачид. Нэгдсэн Улс бол цагаачдын орон бөгөөд бид үүгээрээ бахархах ёстой” гэж эхэлжээ.

Дараа нь Марк саяхан гаргасан Трампын шийдвэрт санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Улс орны амар амгалан байдлын төлөө аюултай хүмүүсийг анхааралдаа авах нь зүйтэй ч гэмгүй олон сая цагаачийг хоморголох ёсгүй гэдгийг тэр хэлжээ.

Өөрөөр хэлбэл аюул учруулах хүмүүст хаалгаа хаасан ч авьяас чадалтай, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст Америкийн хаалга нээлттэй байх ёстойг сануулсан байна.

Гэхдээ Марк бага насандаа Америкт цагаачилж ирсэн хүүхдүүдэд хууль ёсны иргэншил олгох талаар ямар нэг алхам хийнэ гэсэн Трампын амлалтад найдаж байгаагаа хэлжээ.

Одоо хэрэгжиж байгаа Deferred Action for Childhood Arrivals (DACA) хэмээх энэ зохицуулалтаар хүүхэд насандаа ирсэн 750,000 орчим цагаач АНУ-д хууль ёсны дагуу ажиллаж, амьдрах боломж эдлээд байгаа юм.

Трампын засаг захиргааг энэ бодлогыг хэвээр хадгална гэдэгт итгэж байгаагаа Марк Зукерберг илэрхийлээд, энэ чиглэлд хамтран ажиллахаа амлажээ.

Фэйсбүүк компани гадаадын авьяаслаг мэргэжилтнүүдийн хүчийг ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг компанид тооцогддог. Трампын цагаачлалын шинэ бодлого Цахиурын хөндийн ийм технологийн компаниудад хохирол учруулах нь тодорхой байна. Тус компанийн дэд захирал Шерил Сандберг мөн саяхан Трампын үр хөндөлтийн эсрэг гаргасан шийдвэрийг нь шүүмжилсэн мэдэгдэл гаргажээ.

 

Эх сурвалж: Business Insider