Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп, Путин нар маргааш утсаар ярилцана

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Путин Трамптай утсаар ярина

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар маргааш буюу Бямба гарагт анх удаагаа утсаар ярилцах гэж байгааг Кремлийн албаныхан баталлаа.

Энэ үйл явдал нь Цагаан ордны өмнөх засаг захиргаа Оростой дайсагнасан харилцаатай явж ирсний дараа анх удаа хоёр орны удирдагч нар шууд ярилцах гэж байгаагаараа онцлог юм.

Мөн Дональд Трампын ялсан ерөнхийлөгчийн сонгуульд Оросын хакерууд нөлөөлсөн гэх асуудал яригдаж байгаа үед тохиож байна.

Оросын мэдээллийн хэрэгслүүд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос хоёр удирдагч Бямба гарагт утсаар ярилцана гэсэн мэдээлэл үнэн эсэхийг лавлахад тэр үнэн гэдгийг баталсан ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тэд харилцан бие биеийнхээ хувийн зан чанарыг магтсан үг хэлж, хоёр орны харилцаанд шинэ уур амьсгал оруулахаа амлаж байв.

2014 онд Украинаас Крымийг салгаж авсны хариуд Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах боломжтойг Трамп хэлж байсан бол саяхан ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров “Барак Обамагийн Орос-Америкийн харилцаанд үүсгэсэн хохирлыг засварлахад цаг хугацаа, хичээл зүтгэл хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байлаа.

Лавров бас Обамагаас ялгаатай нь Трамп бусдын дотоод хэрэгт оролцохоос зайлсхийх бодлого баримтална гэдэгт итгэж байгаагаа хэлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post