Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Гэрийн дотоод орчны агаарын чанар орон сууцныхаас 2-3 дахин муу байна

Г.Номин, iKon.mn
2017 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүн амьдралынхаа 80 орчим хувийг дотоод орчин буюу ажлын байр, гэрийн нөхцөлд өнгөрүүлдэг аж. Улаанбаатар хотын хувьд хүйтний улиралтай холбогдуулан оршин суугчид дотоод орчинд өнгөрүүлэх хугацаа нь бусад орнудтай харьцуулахад их байдаг байна.

Тиймээс АШУҮИС-ийн НЭМС-ийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн багш Э.Ундармаа "Улаанбаатар хотын орон сууц болон гэр хороололд амьдарч буй эмэгтэйчүүдийн цусанд агуулагдах хар тугалгыг дотоод орчны агаарын чанартай холбон судалсан судалгаа"-г хийжээ.

2015 онд хийгдсэн уг судалгааны багт АШУҮИС-ийн НЭМС-ийн багш О.Чимэдсүрэн, Б.Пүрэвдорж, Жон Хопкинсийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Эллен Силбергелд, Ана Руле, Д.Виллам, Карол Рисник нар орж ажилласан байна.

Судалгааны үр дүн

Судалгаанд нийслэлийн Хан-Уул /Зайсан/, Чингэлтэй /Долоон буудал/ дүүрэгт оршин суудаг 40-60 насны 50 эмэгтэй хамрагджээ. Судалгаанд хамрагдаж буй эмэгтэйчүүд нь тамхи татдаггүй, оршин суугаа газрын сүүлийн нэг жилийн хугацаанд амьдарч байгаа, сорьц авахаас гурван өдрийн өмнөөс ямар ч эм тариа хэрэглэхгүй байх шаардлагыг хангасан байна. 

Ингээд судлаачид орон сууцанд болон гэр хороололд амьдарч буй эмэгтэйчүүдийн цусанд агуулагдах хар тугалгын дотоод орчны нарийн ширхэгт тоосонцорд агуулагдах хар тугалгын өртөлттэй түүний хамаарлыг тодорхойлохыг зорьжээ.

Гэртээ бага цаг өнгөрөөдөг эмэгтэйчүүдийн цусанд агуулагдах хар тугалгын хэмжээ өндөр байна

Судалгаанд хамрагдсан гэр сууцны дотоод чанар орон сууцны дотоод чанараас 2-3 дахин муу байгаа бөгөөд гэр сууцанд нарийн ширхэгт тоосны дундаж агууламж 127.8 мкг/м3 байна.

Цусанд агуулагдах хар тугалгын хэмжээ сууцны төрлөөр ялгаа харагдахгүй байгаа боловч гэртээ өнгөрөөх цагаас хамаарч ялгаатай гарчээ. Тухайлбал, бүтэн цагийн ажилтай гэртээ бага цаг өнгөрөөдөг эмэгтэйчүүдийн цусанд агуулагдах хар тугалгын хэмжээ илүү өндөр байжээ.

Зөвлөмж

  • Агаарын бохирдол ихтэй саруудад гэрээсээ гарах, гадаа гарахад өөрийгөө хамгаалах зорилгоор амны хаалт зүүж байх
  • Агаарын бохирдол ихтэй 07:00-11:00, 18:00-03:00 цагийн үед гадуур гарах үедээ нарийн ширхэгт тоосонцорыг шүүх шүүлтүүртэй амны хаалт хэрэглэх

Агаарыг бохирдуулагч олон хүчин зүйлсийн нэг нь хар тугалга. Хар тугалга нь хүний биед нэвтрэн орж цочмог болон архаг халдвар үүсгэдэг. 

Хар тугалгын нөлөөний улмаас эхэн үед бие сулрах, амархан ядрах, толгой өвдөх, хоолны дуршил буурч, нойр хямардаг ба захын мэдрэлийн тогтолцоо гэмтсэнээр хөдөлгөөн алдагдах, үнэрлэх, амтлах мэдрэхүй буурах, анхаарал төвлөрөлт, ой тогтоолт муудах, сонсгол сулрах шинжээр илэрч цусан дахь хар тугалгын хэмжээ ихсэх тусам бусад эрхтэний гэмтэл нэмэгдэж цус задралын цус багадалт, бөөрний эмгэг үүсэхээс гадна мэдрэлийн талын бусад эмгэг өөрчлөлтүүд гардаг байна.