Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Нүүрсний хэрэглээг бүрэн халах эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй

Г.Номин, iKon.mn
2017 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

АШУҮИС-ийн НЭМС-ийн эрдэмтэн О.Чимэдсүрэн, Б.Пүрэвдорж, Д.Юмчиндорж,  О.Мөнхтуул Руфус Эдвардс /Ирвин дэх Калифорнийн Их сургууль/, Жэй Турнер /Сайнт Луйс дэх Вашингтоны Их сургууль/ нараас бүрдсэн баг “УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨЛӨӨЛӨЛ” судалгаа хийжээ.

Уг судалгаа БОАЖЯ, Цэвэр агаар сангийн санхүүжилтээр 2012-2014 онд хийгдсэн байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах өөр боломжит стратегуудын үр нөлөөг харуулах зорилгоор судалгааны баг дараах асуултад хариулахыг зорьжээ.

“2025 он гэхэд утааг багасгахтай холбогдуулан гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэх зуух, түлшийг сайжруулж бусад салбарын үйл ажиллагаатай уялдуулснаар эрүүл мэндэд ямар үр нөлөө үзүүлэх вэ?”

Судалгааны үр дүн

2017-2024 оны хооронд цаг бус, эрт баралтын тоо 13,000-аар ихсэх магадлалтай байна

Улаанбаатар хотын хүн амын дунд нарийн ширхэглэгт тоосонцороос (РМ2.5) үүдсэн өвчлөл нилээд хувийг эзэлдэг бөгөөд түүний өртөлтийн жилийн дундаж хэмжээ нь 70 мкг/м3 байгаагаас шалтгаалан хүүхдийн уушигны хатгалгаа (цаг бус нас баралт жилд ойролцоогоор 120-130 орчим тохиолдол), насанд хүрэгчдийн зүрх судасны өвчлөл (цаг бус нас баралт жилд ойролцоогоор 1,250 тохиолдол) зэрэг эмгэгүүд тэргүүлж байна.

Судалгааны багийн тооцоололоор 2014 оны байдлаар РМ2.5 нөлөөлөлөөс 0-5 хүртэлх хүүхдийн нийт нас баралтын 33 хувийг амьсгалын доод замын цочмог халдвар, насанд хүрэгчдийн хувьд 19 хувь уушгины архаг бөглөрөл, 27 хувь нь зүрхний шигдээс, 24 хувь нь уушгины хавдар, 42 хувь нь харвалт (нийт нас баралтын) зэрэг нь агаарын бохирдолоос шалтгаалж байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр яаралтай цогц арга хэмжээ авалгүй одоогийн байдлаар үргэлжлүүлбэл 2017-2024 оны хооронд цаг бус, эрт баралтын тоо 13,000 -аар ихсэнэ. Тиймээс цогц, эрс шийдэмгий арга хэмжээг яаралтай авах нь нэн шаардлагатай юм.

Гэр, сууцны дотоод орчны агаарыг сайжруулах шаардлагатай

Нийслэлийн иргэдийг амьдрах сууцны төрлөөр тооцон гаргахад нийт хүн амын нарийн ширхэглэгт тоосонцорын (РМ2.5) өртөлтийн жилийн дундаж хэмжээ 68 мкг/м3 (суурь түвшин) харин дотоод орчны 71.9 хувь, гадаад орчны 7.3 хувь, дам тамхидалтын өртөлт 20.8 хувь байгаа нь гэр, сууцны дотоод орчны агаарыг сайжруулах, дам тамхидалтыг анхаарах шаардлагатайг харуулж байна.

Айл өрхүүдийн хатуу түлшний хэрэглээг бүрэн халах арга хэмжээг хэрэгжүүлснээр судалгааны тооцооллын түвшинд эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг 60 хувь, түүний нэг хүнд ногдох хувь хэмжээг 70 хувиар тус тус бууруулж өртөлтийн түвшинг олон улсын жишигт нийцүүлэх боломжтой хэмээн судалгааны багийнхан дүгнэжээ.

САНАЛ, ЗӨВЛӨМЖ

  • Улаанбаатар дахь агаарын бохирдолд хамгийн ихээр нөлөө үзүүлж буй эх сурвалж нь гэр хорооллын өрхийн нүүрсний хэрэглээ юм. Тиймээс хатуу түлшний (нүүрс, мод) хэрэглээг бүрэн халах эрс шийдэмгий өөрчлөлт хийх хэрэгтэй байна.
     
  • Хүмүүсийн одоо хэрэглэж буй зуухыг илүү сайн зуухаар солих нь агаарын бохирдлыг багасгахад эерэг үр нөлөө үзүүлэх ч хангалттай бус юм. 
     
  • Улаанбаатар дахь агаарын бохирдолд нөлөөлж буй өөр эх үүсвэрт ч мөн анхаарал хандуулах цаардлагатай. Үүнд машины утаа, хог хаягдал шатаах, хөрсний бохиодол, эрчим хүчний цахилгаан станцууд хамрагддаг. 
     
  • Гэр хорооллын айлуудыг утаагүй халаалттай системд шилжихэд Улаанбаатар хотын агаарын бохирдол их хэмжээгээр багасна. Энэ системд шилжихэд орчин үеийн тоног төхөөрөмж, санхүүгийн чадавхи болон цахилгаан ба хийн инженерийн дэд бүтцийг сайжруулах шаардлагатай.