Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ нэмэгдэх нь суралцах чадварт сөргөөр нөлөөлж байна

Г.Номин, iKon.mn
2017 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын Төмөр замын төв эмнэлгийн эмч, нийгмийн эрүүл мэнд судлаач Г.Насантогтох АШУҮИС-ийн НЭМС-ийн багш О.Чимэдсүрэн, Б.Пүрэвдорж, Г.Насантогтох, Ө.Ганчимэг нарын хамтаар “УЛААНБААТАР ХОТЫН 6-8 НАСНЫ ХҮҮХДИЙН ЦУСАН ДАХЬ ХАР ТУГАЛГЫН ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛОХ” судалгаа хийжээ.

Судалгаа 2014-2016 оны хооронд үргэлжилсэн байна.

Агаарыг бохирдуулагч олон хүчин зүйлсийн нэг нь хар тугалга. Хар тугалга нь хүний биед нэвтрэн орж цочмог болон архаг халдвар үүсгэдэг. 

Хар тугалгын нөлөөний улмаас эхэн үед бие сулрах, амархан ядрах, толгой өвдөх, хоолны дуршил буурч, нойр хямардаг ба захын мэдрэлийн тогтолцоо гэмтсэнээр хөдөлгөөн алдагдах, үнэрлэх, амтлах мэдрэхүй буурах, анхаарал төвлөрөлт, ой тогтоолт муудах, сонсгол сулрах шинжээр илэрч цусан дахь хар тугалгын хэмжээ ихсэх тусам бусад эрхтэний гэмтэл нэмэгдэж цус задралын цус багадалт, бөөрний эмгэг үүсэхээс гадна мэдрэлийн талын бусад эмгэг өөрчлөлтүүд гардаг байна.

Судалгааны үр дүн:

Дийлэнх хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ зөвлөмж хэмжээнээс өндөр байна

Судалгаанд хамрагдсан 153 хүүхдийн 60.1 хувийн цусан дахь хар тугалгын хэмжээ Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн зөвлөмж хэмжээнээс өндөр үзүүлэлттэй гарчээ. Гэрт амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалгын дундаж хэмжээ байшин болон орон сууцанд амьдардаг хүүхдийнхээс өндөр хэмжээтэй байгаа аж.

Харин амьдарч байгаа дүүрэг, гэрээс авто зам хүртэлх зай, гэртээ хамгийн сүүлд засвар хийсэн хугацаа, дам тамхидалтад өртсөн байдал, гэрийн ойролцоох шатахуун түгээх станцын байрлал зэргийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүйг судалгааны тайланд дурджээ.

Хүүхдийн нас нэмэгдэх тусам цусан дахь хар тугалгын хэмжээ ихсэх хандлага ажиглагдсан

Эрэгтэй хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ эмэгтэй хүүхдүүдийнхээс өндөр байсан ба хүүхдийн нас нэмэгдэх тусам цусан дахь хар тугалгын хэмжээ ихсэх хандлага ажиглагдсан байна. 

Мөн онц сурдаг хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ дунд сурдаг хүүхдийнхээс бага хэмжээтэй байгаа нь хар тугалгын хэмжээ нэмэгдэх нь суралцах чадварт сөргөөр нөлөөлж байгааг харуулж байгаа юм.

Зөвлөмж:

Хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээг тодорхойлох шинжилгээг үндэсний хэмжээнд хийж, хянаж байх шаардлагатай. Мөн орчин дахь хар тугалгын бохирдол, түүний эх үүсвэр, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл зэргийг судалсан судалгаа ховор учраас энэ чиглэлээр нарийвчилсан судалгааг үе шаттайгаар хийх хэрэгтэй байна.

Судалгааны үр дүнг үндэслэн бохирдуулагч эх үүсвэр тус бүрт зориулан бохирдлыг бууруулах стратеги хөтөлбөр төлөвлөж хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн судлаачид үзжээ.