Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Жирэмсний явцад дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах нь ургийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна

Г.Номин, iKon.mn
2017 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

АШУҮИС-ийн НЭМС-ийн эрдэмтдийн хийсэн агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгаануудын үр дүнг цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаад “УРГИЙН ӨСӨЛТӨД АГААРЫН БОХИРДЛЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨГ ТОГТООХ (UGAAR) СУДАЛГАА”-ны үр дүнг танилцуулж байна.

Судалгааны баг: Г.Энхжаргал /НЭМС-ийн Орчны эрүүл мэндийн тэнхим АУ-ны доктор/, Правжит Барн /АУ-ны доктрант, Саймон Фрейзэрийн Их сургууль/, О.Чимэдсүрэн /НЭМС-ийн зархирал, АУ-ны доктор, Профессор/, Л.Баярхүү /Сүхбаатар дүүргийн эрүүл мэндий төвийн дарга, магистр/, Б.Буянтүшиг /Угаар судлагааны судлаач, магистрант/, Раян Аллен /Саймон Фрейзэрийн Их сургууль дэд профессор, АУ-ны доктор/

Хэрэгжүүлсэн он: 2014-2017

Агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцор(РМ25) ургийн өсөлтийг бууруулдаг болохыг бусад орнуудад судалсан судалгаанууд хийгдэж байна. 
Ургийн өсөлтөд агаарын бохирдлын нөлөөллийг тогтоох (UGAAR) судалгааны хүрээнд агаар цэвэршүүлэгч хэрэглэх оролцогчдыг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгож, гэрийн агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулснаар, ургийн өсөлтөд үзүүлж буй нөлөөг тогтоох судалгааг хийжээ.

Судалгааны үр дүн: 

Орон сууцанд амьдардаг, тамхи татдаггүй 540 жирэмсэн эмэгтэйчүүдээс санамсаргүйгээр оролцогчдыг сонгож, тэдний гэрт агаар цэвэршүүлэгчийг тавьж судалгаанд оролцож эхэлснээс төрөх хүртэл хугацаанд хэрэглүүлж, агаар цэвэршүүлэгч хэрэглээгүй бүлэгтэй харьцуулжээ. Жирэмсний 12 болон 30-н долоо хоногтойд эрүүл мэндийн үзүүлэлт болон агаарын бохирдлын өртөлтийг хэмжиж, цусанд хар тугалга, кадми, мөнгөн усны агууламж тодорхойлж, үнэлсэн. 

Агаар цэвэршүүлэгч хэрэглэсэн хугацаандаа төрсөн бүлгийн эмэгтэйчүүдээс төрсөн нярайн жин 80 грам (4-156) их, урт 0.4 см илүү хүүхэд төрсөн, толгойн тойргийн хэмжээнд ялгаа ажиглагдаагүй. 

Урьчилсан үр дүнгээр жирэмсний хугацаанд гэр сууцны агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авч, нарийн ширхэгт тоосонцорын РМ2.5 бохирдол бууруулснаар ургийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна. 

Дүгнэлт

Жирэмсний хугацаанд гэр сууцны дотоод орчны агаарын чанарыг сайжруулах судалгаа хийхэд агаарын бохирдлын нөлөө буурч, ургийн өсөлтөд эерэг нөлөө гарна гэсэн таамаглал судалгааны үр дүнгээр батлагдсан. Жирэмсний явцад агаар цэвэршүүлэгчийг бүрэн хэрэглэх тохиолдолд ургийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна. 

ЗӨВЛӨМЖ:

  • Жирэмсний хугацаанд гэрийн дотоод орчны агаарын бохирдлыг багасгахад анхаарч, НЕРА шүүлтүүр бүхий нарийн ширхэгт тоосонцор шүүх агаар цэвэршүүлэгч хэрэглэх
  • Агаарын бохирдол өндөр өвлийн улиралд боломжтой бол бохирдол багатай газар өнгөрүүлэх, өглөө оройд гэрээсээ аль болох бага гарахгүй байх
  • РМ2,5 тоосонцор шүүх шаардлага хангасан, маскыг ялангуяа өвлийн улиралд зүүх
  • Жирэмсний хяналтад эрт орох, төрөх хүртлээ жирэмсний хяналтад сайн хамрагдах
  • Бага насны хүүхдээ РМ2,5-ийн бохирдол өндөр байдаг өглөө оройд гарахгүй байх
  • Өвөл гэртээ агаар оруулах шаардлагатай бол агаарын бохирдол буурах үед, өдөр цонхоо онгойлгож агаарын солилцоо хийх
  • Агаар цэвэршүүлэгч худалдаж авах бол найдвартай, чанартайг сонгож худалдаж авах
  • Гэрт, дотоод орчинд бохирдол үүсгэдэг тамхидалтыг бууруулах, тамхи татахгүй байх