Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд ЕБС-ийн хичээлийн хуваарийг өөрчлөхийг зөвлөлөө

Г.Номин, iKon.mn
2017 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

АШУҮИС-ийн НЭМС-ийн эрдэмтдийн хийсэн агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгаануудын үр дүнг цувралаар хүргэж байгаа билээ.

Энэ удаад 2011-2013 онд АШУҮИС-ийн НЭМС-ийн ЭМБМ-ийн тэнхимийн эрхлэгч Л.Мөнх-Эрдэнэ багшийн Тайвань улсын Үндэсний их сургуулийн багтай хамтарч хийсэн "Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөллийн үнэлгээ" судалгааны үр дүнг танилцуулж байна.

Судалгааны үр дүн

Сүүлийн 14 жилийн хугацаанд агаар дахь N02 агууламж 50 хувь, S02-ийн агууламж 30 хувь өсчээ

Дархан, Улаанбаатар хотын агаарын дахь S02 агууламж Эрдэнэт болон орон нутгын үзүүлэлтээс өндөр байлаа. Жилийн болон өдрийн дундаж S02 агууламж Улаанбаатар болон Дархан хотуудад Монгол улсын Агаарын Чанар (АЧ)-ын хүлцэх агууламжаас их байсан бол Эрдэнэт хотын агаарын N02 агууламж бусад хотуудаас өндөр байжээ. Улаанбаатар хотын агаарын N02 агууламж Дархан хот болон орон нутгын үзүүлэлтээс их байна. 

Монгол орны агаарын чанарын хяналтын 14 цэгийн нэгтгэсэн мэдээллийг нэгтгэн харахад урт хугацааны N02, S02 жилийн дундаж агууламж 1996-аас 2009 онд ойролцоогоор 58 хувиар өсчээ. 

Түүнчлэн нийслэлд сүүлийн 14 жилийн хугацаанд N02 агууламж 50 хувь, S02-ийн агууламж 30 хувь, орон нутагт 40 хувь өссөн байна. 

Гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн шээсэн дэх кадми, хар тугалгын хэмжээ өндөр байна

Хүүхдүүдийн нас, хүйс, улирал, амьдардаг орчин, тамхи таталт, арц хүжний хэрэглээг тооцсон дүнгээс харахад гэр амьдардаг хүүхдийн шээсний кадми, хар тугалгын агууламж орон сууцанд амьдардаг хүүхдийнхээс их байсан. Тоосгон байшинд амьдардаг хүүхдүүдийн шээсний ванадум, хромын агууламж орон сууцанд амьдардаг хүүхдийнхээс 1.14-1.15 дахин их тодорхойлогдов. Гэр хороололд амьдардаг хүүхдийн шээсний кадми болон хар тугалгын агууламж орон сууцанд амьдардаг хүүхдийнхээс 1.24-1.23 дахин өндөр байна. 

Мөн халаалтын улиралд хүүхдүүдийн шээсний зэс болон хүнцэлийн агууламж 1.10-1.20 дахин өндөр байсныг өртөлтөнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тооцсоны дараа илрүүлсэн. Харин хүүхдүүдийн шээсний никель, кадмийн агууламж халаалтгүй улирлын үр дүнгээс 0.75-0.76 дахин бага байв. Эдгээр үр дүнгээс дүгнэхэд Монгол хүүхдүүдийн шээсний кадми, хар тугалгын түвшин гэрт буюу гэр хороололд амьдардаг хүүхдэд өсч байгааг баталлаа. Гэхдээ агаарын бохирдол бол хүнд металлын өртөлтийн зөвхөн нэг эх үүсвэр биш байж болох юм.

ДҮГНЭЛТ:

Урт хугацааны агаарын чанарын хандлагаас харахад Монголд аж үйлдвэржилт, хотжилт эрчимтэй хөгжсөний улмаас агаарын бохирдол тасралтгүй нэмэгдсээр байна. Ялангуяа S02, N02 агууламж өвлийн улиралд хамгийн их нэмэгддэг ба үүнд цаг уурын хүчин нөлөө байдаг. 

S02 бохирдлын үндсэн эх сурвалж нь гэр хорооллын нүүрсний хэрэглээ байдаг бол N02 бохирдлын эх сурвалж нь автомашины тоо юм. 

Монгол хүүхдийн шээсний кадми, хүнцэлийн агууламж хүйтэн сэрүүний улиралд нэмэгддэг ба гэр хороололд амьдардаг хүүхдийн шээсэнд кадми болон хар тугалгын агууламж өндөр байсныг судалгаагаар нотоллоо. 

Газар зүйн тархалтын загвараар гэр хороолол нь агаарын бохирдлын үндсэн эх сурвалж болохыг баталсан бөгөөд халаалтын улиралд нүүрсний хэрэглээ гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын (S02) эх сурвалж болж байна. Нөгөө талаар агаарын бохирдол нь хүнд металл, тоос зэрэг бусад бохирдуулагчтай хамааралтай. 

Өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотод нийт хүн амын 60 орчим хувь амьдарч агаарын бохирдлыг өсгөх өөр нэгэн шалтгаан болж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн асуудал болж байна. Нийслэлийн агаарын чанар зүрх судас, амьсгалын тогтолцооны өвчний шалтгаан болж байгаа нь анхаарал татсан асуудал болж байгаа тул төвийн халаалтанд холбогдох асуудлыг шийдвэрлэх, хотын хүн амын эрүүл мэндийг сайжруулах нь нэн тэргүүний асуудал болж байна. 

Өөрөөр хэлбэл, зүрх судас, амьсгалын замын өвчний нас баралт жилд дунджаар 1,031 хүн буюу ойролцоогоор нас барсан нийт хүмүүсийн 33.8 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй байгааг тодорхой үр дүнтэй аргуудыг хослуулан хэрэглэснээр бууруулж болдгийг бусад орны туршлагаас харж болно.

ЗӨВЛӨМЖ:

  • Ерөнхий Боловсролын Сургуулуудын хичээлийн хуваарийг өөрчлөх,
  • Хүн амын маскны хэрэглээг нэмэгдүүлэх,
  • Агаарын бохирдлын хор уршгийн талаарх мэдээллийг улирал харгалзахгүй хүргэх,
  • Хувь хүний зүгээс агаарын бохирдлыг бууруулахад оруулах хувь нэмрийг дэмжих, идэвхжүүлэх,
  • Албан байгууллагуудын хэрэглэдэг агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн тоо, хэмжээгээр татвар ногдуулдаг болох,
  • Орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэх, орон нутагт амьдрахад тодорхой дэмжлэг үзүүлэх.