Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг тав дахин нэмэгдүүлнэ гэв

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр /2017.01.25/ шинжлэх ухааны салбарынхантай уулзлаа. Тэрбээр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ шинжлэх ухааны салбарт баримталж буй бодлогыг дурдаад цаашид салбарын санхүүжилтийг тав дахин нэмэгдүүлнэ гэв.  

Одоогийн байдлаар тус салбарт Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөл, Шинжлэх ухааны академи, яамдын шинжлэх ухаан технологийн зөвлөл, их сургуулиуд, хүрээлэнгүүд, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллагууд багтаж байна. Эдгээрт нийт 1,720 эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байгаа юм.

Манай улсын хувьд одоогоор ОХУ-тай 30, БНХАУ-тай 6, Солонгос улстай 2, Беларусь улстай 2, Вьетнам улстай 2, Тайваньтай шинжлэх ухаан, технологийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх замаар идэвхтэй хамтран ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд их сургуулиудын лабораторийн орчныг сайжруулахад улсын төсвийн болон Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.

Харин эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд сүүлийн  30 орчим жил хөрөнгө оруулалт бага хийгдсэнийг уулзалтын үеэр салбарын сайдад уламжиллаа.

Түүнчлэн салбарын ажилтан, албан хаагчид, эрдэмтэн, судлаачдын цалин, урамшуулал, нийгмийн баталгаа, хүний нөөцийн бодлого зэрэгт анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай байгааг сануулав.

Уулзалтын төгсгөлд БСШУС-ын сайд Ж.Батсуурь судалгааны үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, технологи дамжуулах төв байгуулах, БНХАУ-тай хамтарсан шинжлэх ухааны парк байгуулах ажлыг эрчимжүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөөд байгаагаа дуулгалаа.

 

Эх сурвалж: БСШУСЯ