Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Өндөр албан тушаалтны гэр бүл, тусдаа гарсан хүүхэд нь гадаад улсад данс эзэмшихийг хориглов

А.Ням-Өлзий, iKon.mn
2017 оны 1 сарын 24
iKon.MN
 
Гэрэл зургийг Б.Бямба-Очир / mpa.mn

Хууль зүйн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар офшорын хууль Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөсурьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв.

Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүдийн зүгээс гарсан санал болон офшор бүсийг хэрхэн тодорхойлох зэрэг асуудлуудыг нэмж боловсруулах шаардлага гарсан. Тиймээс ажлын хэсэг хуулийн төсөлд дахин боловсруулалт хийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэв. 

Энэ үеэр төрийн өндөр албан тушаалтны тусдаа гарсан үр хүүхэд офшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хориглох эсэх асуудлыг хэлэлцэв. 

Энэ талаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Одоогийн байгаа Хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтад хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө орлогыг мэдүүлдэг. Харин тусдаа гарсан хүүхдүүдийг хөрөнгийг мэдүүлдэггүй. Одоо бол тусдаа гарсан хүүхдийнхээ нэр дээр данс байдаг үгүйг олон нийтэд зарлахад юунд нь цааргалдаг юм.

Хэзээ байхдаа өөрийнхөө нэр данс нээж байсан юм. Ямар С.Баярцогт биш. Тусдаа гарсан хүүхдийг оруул. Харин яаж оруулах томьёоллоо л тодорхой болгочих хэрэгтэй" гэсэн санал хэллээ.

Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Хөрөнгө орлогын мэдүүлгийн маятыг одоо Байнгын хороо баталдаг. Үүнийг Байнгын хороо биш УИХ-аас тогтоол гарган баталдаг болох хэрэгтэй. Одоогийн маягт дээр эхнэр нөхөр, гэр бүлд хамт амьдарч байгаа хүмүүсийн хөрөнгийг мэдүүлдэг.

Шинэ маягт дээр насанд хүрч, тусдаа гарсан хүүхдүүд нь хөрөнгөө мэдүүлдэг байхаар тусгах боломжтой" гэсэн юм.

Ийнхүү хуралдааны төгсгөлд тус Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд төрийн өндөр албан тушаалтан албан тушаал хаших хугацаанд гэр бүл, тусдаа гарсан үр хүүхэд нь гадаад улсад данс нээлгэх, мөнгө байршуулах, компани байгуулж хөрөнгө оруулалт хийхийг хориглоно гэсэн заалт оруулах санал гаргасан нь дэмжигдэв.  

Ийнхү өндөр албан тушаалтны гэр бүл, тусдаа гарсан хүүхэд нь ч гадаад улсад данс эзэмшихийг хориглох заалтыг Байнгын хорооноос хэлэлцэн баталлаа.