Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг ярилцана

Б.Ану
2017 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор өнөөдөр хэлэлцэх гэж байна. 

Уг хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлсэн “Иргэдийн оролцоо” төслийн хүрээнд боловсруулсан юм.
Энэхүү хууль батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын бүх ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлэх механизм бүрдэж, Үндсэн хуулиар олгогдсон иргэний улс төрийн эрх бодитой хэрэгжинэ хэмээн хууль санаачлагчид үзжээ.

Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт хуулийн 105-д нь иргэний оролцооны талаар тодорхой зохицуулалт орсон байдаг. Тухайлбал, төрөөс мэдээллийг хүртээмжтэй авах, ил тод байдлыг хангах, шийдвэр гаргахдаа иргэдээс саналыг нь авах буюу зөвлөлдөх, иргэний идэвхтэй оролцоог хангах, иргэний хяналтыг хэрэгжүүлэх зэрэг зохицуулалт бий. Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн заалт, үзэл баримтлалын дагуу иргэдийн оролцооны талаарх холбогдох хуулийн зохицуулалт нь харилцан адилгүй, нэгдмэл зохицуулалтгүй байгааг хөндлөнгийн судалгааны байгууллагаас дүгнэжээ.

Хэдийгээр 25 жилийн өмнө Монгол Улсын Үндсэн хуулиар иргэний эрх, эрх чөлөөг шинэ нөхцөл байдалд нийцүүлэн тунхагласан боловч ард түмэн төрийн үйл хэрэгт оролцоно гэдгийг зөвхөн сонгуульд оролцож саналаа өгөхөөр  төлөөлүүлэн ойлгож, дээрээс доошоо чиглэсэн нэг урсгалтай “замаар” төсөөлж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн ардчиллыг төлөвшүүлснээс бус, иргэдийн төрийн хэрэгт шууд биечлэн оролцох оролцоог дутуу хангаж ирсэн гэсэн үг.

Харин сүүлийн жилүүдэд шууд ардчилал, иргэдийн оролцооны асуудлыг өргөн хэмжээнд тавьж, иргэд ч шууд оролцооны ач холбогдлыг биеэрээ мэдэрч эхэлсэн билээ. Наад зах нь орон нутгийн хөгжлийн сангаар хөрөнгө хуваарилдаг болсноор иргэд оршин суугаа баг, хороо, сум, дүүрэгтээ ямар ажлын нэн түрүүнд хийх шаардлагатай байгааг өрсдөө мэдэж, шийдвэрлэдэг болсон. Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийг баталснаар дээрх ололтыг хууль, эрх зүйн орчноор баталгаажуулах боломжийг олгох юм.  
Эдгээрээс заримыг дурдвал, УИХ-ын болон өөрийн харьяа орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд иргэд өөрсдөө асуудал оруулах боломж нээгдэнэ. Тодорхой тооны иргэд хамтран гарын үсэг зурж, хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд ард нийтийн болон орон нутгийн түвшинд санал асуулга явуулж болох механизмыг Иргэдийн улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулиар хуульчилан зохицуулахаар боловсруулаад байна.

Гэхдээ үүнээс сөрөг тал гарч болох эрсдлийг харгалзан мэдээллийн хүртээмжтэй ба бодитой байдлыг хангах, санхүүгийн ил тод, хяналттай байдлыг бүрдүүлэх, иргэд асуудлыг шүүн тунгааж оролцоход  цаг хугацааны хувьд боломжтой байх, иргэдээс санал асуулга явуулах хүрээ хязгаар, тодорхой механизмуудыг тусгаж өгчээ. Иргэний санаачилгад хэрэгтэй бодит мэдээллийг өгч байх үүргийг төрийн байгууллагууд хүлээхээр болж байна.  Мөн нийгмийн бүлгийн цөөнхөөс эрх бүхий байгууллага болон нийгэмд дуу хоолойгоо хүргэх боломжийг бүрдүүлснээр  Үндсэн Хуулийн оршилд заасан хүний эрх, эрх чөлөө, шударга ёс хангах үзэл санаа, Үндсэн Хуулийн 14 дүгээр зүйлд заасан тэгш эрхийг хангуулах бодит боломжийг олгоно гэж хууль санаачлагч үзжээ. 

Уг хуулийн төслийг 21 аймаг, орон нутгийн болон хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудаар нийт 31 удаа хэлэлцүүлж, түүнд 1,700 орчим хүн оролцсон байна. Мөн зарчмын болон найруулгын шинжтэй  200 орчим санал гарсныг ажлын хэсгээс төсөлд тусган сайжруулж боловсруулжээ. Ингэснээрээ  Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл нь иргэдийн төлөөллийн шууд оролцоотойгоор боловсруулагдсан онцлогтой юм.