Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Гамбийн ерөнхийлөгч асан $11.4 саяыг хулгайлаад зугтжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Баруун Африкийн Гамби улс өнгөрсөн сард анх удаагаа ардчилсан сонгуулиар шинэ ерөнхийлөгчтэй болсон ч засаглал шилжих явц эхлэхгүй нэлээд удсан юм. Учир нь тус улсыг 22 жил захирсан өмнөх ерөнхийлөгч Яхья Жамме сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж Гамбид онц байдал зарлаж байв. Аюултай байдалд орсон шинэ ерөнхийлөгч Адама Барроу ч хөрш Сенегал улсад дүрвээд байсан юм.

Гэвч НҮБ болон Африкийн орнуудын шахалтаар Жамме эрх мэдлээ шилжүүлэхээс өөр аргагүй болсон ба өнгөрсөн Бямба гарагт хөрш Гвиней улс руу гэр бүлийн хамт дүрвэжээ.

Адама Барроу удахгүй эх орондоо ирэхээр төлөвлөж байгаа гэнэ. Түүний туслах Май Ахмад Фатти өчигдөр Сенегалд хэвлэлийн бага хурал хийсэн байна. Фатти хэлэхдээ өмнөх ерөнхийлөгч Яхья Жамме явахаасаа өмнө хоёр долоо хоногийн хугацаанд төрийн сангаас $11.4 саяыг хулгайлж амжжээ.

Фатти “Гамби улс санхүүгийн хямралд орсон. Төрийн данс хоосорсон байна. Гамбийн төв банк болон сангийн яамны эх сурвалжууд үүнийг баталж байгаа” гэсэн юм. Жаммегийн дүрвэхээс өмнө ачааны онгоцоор их хэмжээний тансаг эд зүйлс, олон тооны үнэтэй автомашин Гамбиас тээвэрлэн гаргасан мэдээлэл авчээ.

Жамме нь одоо Экваторын Гвиней улсад байгаа сурагтай. Энэ улс нь Африкийн хамгийн удаан тогтнож байгаа диктаторын захиргаанд байдаг ба олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн бус орон юм.

Жаммег Гамбиас явуулахын тулд түүний хууль ёсны өмч хөрөнгөд халдахгүй гэсэн амлалтыг НҮБ, Африкийн Холбоо, Баруун Африкийн орнуудын холбооноос амласан ажээ.

Мөн Жаммегийн дүрвэлт нь түр зуурынх бөгөөд дуртай үедээ Гамбид эргэн ирж болохыг түүнтэй тохиролцсон байна. Одоо шинэ ерөнхийлөгч Адама Барроу өөрийн танхимыг байгуулж, төр засгаа эмхлэх юм.

Түүнийг Гамбид ирэхээс өмнө аюулгүй байдлыг хангах ажил явагдаж байгаа. Жаммегийн үед бий болсон айдас түгшүүр арилж, Гамбийн иргэдийн амьдрал хэвийн байдалд орж эхэлсэн ч данс нь хоосорсон төрийг засах хэцүү үүрэг шинэ ерөнхийлөгчид оногдож байна.

 

Эх сурвалж: The Guardian