Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн АНХНЫ хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанд оруулахаар боллоо

open.parliament.mn
2017 оны 1 сарын 18
open.parliament.mn
Зураг зураг

УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. 

Уг хуулийн төслийг энэ сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 10-ны өдөр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Харин чуулганы энэ сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон байсан ч Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг ажлын нэг өдрийн завсарлага авсан юм.

Ингээд Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв.

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдаж ажилласан Ажлын хэсэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэх явцад зарчмын зөрүүтэй 78 саналын томьёолол бэлтгэснийг Байнгын хорооны хуралдаанаар нэгбүрчлэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.

Тухайлбал, төслийн 7.1 дэх хэсгийг “Улсын Их Хурал ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоож, санал авах өдрөөс 130-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийг товлон зарлана” гэж өөрчлөн найруулахаар тогтов.

Мөн төслийн 7.10 дахь хэсгийг “Энэ хуулийн 91.1-д заасны дагуу анхан шатны сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцсон бол ийнхүү шийдвэр гарснаас хойш Монгол Улсын Их Хурал 30 хоногийн дотор дахин сонгууль товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно“ гэж өөрчлөн найруулав.

Харин “Нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш нэр дэвшүүлсэн нам нь тухайн нэр дэвшигчийг татах, нэр дэвшигч өөрөө нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно” гэсэн төслийн 34.2 дахь хэсгийг хасах ажлын хэсгийн саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан ажлын хэсгийн ахлагч болон Сонгуулийн ерөнхий хорооны даргын тайлбарыг сонсоод “Энэ бол зарчмын асуудал. Нэр дэвшинэ гэж бөөн ажил удаж, харөнгө мөнгө зарж баахан манаргачихаад эцэст нь нэрээ татлаа гэж тоглоом хийж байгаа юм шиг хандаж болохгүй. Үүний цаана намын нэр хүнд, олон түмний итгэл үнэмшил, саналын хуудас хэвлэсэн зардал мөнгө гээд олон асуудал бий. Тиймээс энэ хэсгийг хасч болохгүй” гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв. Ингээд санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь ажлын хэсгийн саналыг дэмжсэн тул Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар энэ асуудлаар цөөнх болж буйгаа мэдэгдсэн юм.

Мөн нэр дэвшигч нь 500 сонгогч тутамд нэгээс илүүгүй шадар туслагч, 200 сонгогч тутамд нэгээс илүүгүй ухуулагчтай байна гэсэн төслийн 37.3 дахь хэсгийн шадар туслагчийн тоог “1,000”, ухуулагчийн тоог “400” болгож тус тус нэмэхээр ажлын хэсгээс оруулж ирсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжээгүй тул төслийн заалт хэвээр үлдлээ.

 

Төслийн 38.3 дахь хэсгийг “Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ зүйлийн 38.2-т заасан шаардлагад нийцсэн эсэхийг төрийн аудитын дээд байгууллагаар хянуулж, дүгнэлт гаргуулсан байна”, 38.5 дахь хэсгийг “Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ зүйлийн 38.2-т заасан шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт гарсан бол уг дүгнэлт гарснаас хойш 3 хоногийн дотор зөрчлийг арилгаж дахин хянуулна”, 38.6 дахь хэсгийг “Төрийн аудитын дээд байгууллага энэ зүйлийн 38.3, 38.4, 38.5-д заасны дагуу хянасан сонгуулийн мөрийн хөтөлбөрийг өөрийн дүгнэлтийн хамтаар санал авах өдрөөс 32-оос доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.

Мөн төслийн холбогдох хэсгийг “Олон нийтийнхээс бусад радио, телевиз нь гэрээний үндсэн дээр сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлэг дамжуулна”, “Сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөрийн хэмжээ нь тухайн радио, телевизийн сүүлийн зургаан сарын төлбөртэй сурталчилгааны дунджаас ихгүй байна”, “Улс төрийн мэтгэлцээн дамжуулах нэвтрүүлэг, хөтөлбөрийг сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт тооцохгүй” гэсэн агуулгаар тус тус өөрчлөн найруулахаар тогтов.

Төслийн 66.1 дэх хэсгийг “Нэр дэвшигчийн нэрийг саналын хуудаст бичихдээ нэр дэвшүүлсэн намуудын улсын бүртгэлд бүртгүүлсэн дарааллыг, намууд хамтарч нэр дэвшүүлсэн бол түрүүлж бүртгүүлсэн намын дарааллыг баримтална” гэж өөрчлөн найруулах, түүнчлэн төслийн 28.2 дахь хэсгийг “Эрүүл мэнд, албан томилолт зэрэг зайлшгүй шалтгаанаар сонгогч шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ тухай хүсэлтээ өөрийн байнга оршин суудаг газрын харьяа санал авах байранд бичгээр, өөрийн биеэр гаргах бөгөөд санал авах байр энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ”, төслийн 83.2 дахь хэсгийг “Сонгогч аль ч нэр дэвшигчийн төлөө саналаа өгөөгүй бол тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулж тооцно” гэж өөрчлөн найруулахаар болов.

Дараа нь хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд болон ажлын хэсгээс гаргасан найруулгын саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

 

 

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс