Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Утааны эсрэг жагсаалд Никитон, Sweety Motion, Lemons нар дуулна

ikon.mn
2017 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Ээж аавуудын санаачлагаар эхэлсэн утааны эсрэг хөдөлгөөнд урлагийнхан нэгдэн орсоор байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Утааны эсрэг ээж аавууд” ТББ жагсаал хийж 4,000 гаруй хүн цуглан төрд дараах шаардлагыг хүргүүлсэн билээ.

 
 

Эдгээрээс өнөөдрийг хүртэл заримыг нь биелүүлж байгаа боловч заримд нь хариу өгөөгүй, утааны эсрэг хийх богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө гаргаагүй зэрэг явцтай байна. Тиймээс “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ээс энэ сарын 28-ны Бямба гарагт Сүхбаатарын талбай дээр дахин жагсахаар болоод байна.

Энэ жагсаалд олон олон байгууллага, холбоод, хувь хүмүүс нэгдэхээ илэрхийлээд байгаа ба тэр дундаас урлагийнханыг нэгдэх санаачлагыг хөгжмийн зохиолч Л.Чинбат, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун нар гарган бусдыгаа уриалан жагсаал дээр дуулахаар болжээ.

Б.Батчулуун, Л.Чинбат нар Утааны тухай дуу гаргаж клип хийхээр төлөвлөж байсныгаа хурдасгаж энэ сарын 28-нд болох жагсаал дээр дууныхаа нээлтийг хийхээр болжээ. Мөн ДиЖи Үүрээ тэргүүтэй Монгол Микс Прожект компанийн хамт олон УТААНы эсрэг жагсаалд нэгдэж жагсаалын үйл ажиллагааны хөтөлбөрийг хариуцан ажиллаж байгаа юм байна.

Энэ удаагийн жагсаалын нэр “Боож үхлээ” бөгөөд сэтгүүлч Г.Алтантүрүү жагсаалыг хөтлөж, Лемонс хамтлаг, жазз дуучин Ц.Хулан, Mr.Dogs хамтлаг ая дуугаа өргөж хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа жагсагчидтай флашмоб хөдөлгөөн хийх зэргээр  оролцох юм байна.

Утааны эсрэг ээж аавууд ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүүгийн хэлснээр Утааг эсэргүүцэх жагсаал нь нийгмийн бүх салбарын төлөөлөгчдийг хамарсан илүү өргөн хүрээтэй хөдөлгөөн болон тэлж байгааг онцоллоо.  Мөн зохион байгуулагчдын зүгээс НҮБ-с Агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогдсон дуучин Д.Болд болон Камертон хамтлагийг жагсаалд нэгдэж ая дуугаа өргөх, үзэл бодлоо илэрхийлэхийг урьсан, хариу хүлээж байгаа юм байна.

Хэдийгээр жагсаал дээр дуулахгүй ч, жагсаалд оролцож утааны эсрэг хөдөлгөөнийг дэмжиж буйгаа Зууны манлай дуучин Б.Сарантуяа, Нара, жүжигчин Бооёо нар илэрхийлжээ. Нэгдүгээр сарын 28-ны хагас сайн буюу амралтын өдөр 12:00 цагаас  Сүхбаатарын талбайд утааны эсрэг “БООЖ ҮХЛЭЭ” жагсаал болох ба санаачлан зохион байгуулж байгаа “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-тай холбогдох утасны дугаар нь 96610308, 88333123.