Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

MH370 онгоцны эрлийг гурван жилийн дараа зогсоолоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Гурав орчим жилийн дараа Малайзийн Malaysia Airlines компанийн MH370 дугаартай нислэгийн сураггүй болсон онгоцыг эрэн хайх ажиллагаа албан ёсоор зогсож байгааг өчигдөр буюу Мягмар гарагт зарлалаа.

 Австрали дахь The Joint Agency Coordination Centre багийнхан $160 саяын зардал гаргаж Энэтхэгийн далайн алслагдсан хэсгүүдэд нийт 120,000 км.кв талбайд хайгуул хийгээд юу ч олсонгүй.

MH370 онгоц нь 2014 оны гуравдугаар сард Куала Лумпураас Бээжинг чиглэн 239 зорчигчтой нисээд сураггүй болсон юм. Онгоцонд голдуу Хятад, Малайз хүмүүс байсан ба мөн зургаан Австралийн иргэн явжээ.

Эрэн хайх ажиллагаанд хамгийн орчин үеийн техник хэрэгслийг ашигласан боловч үр дүн гараагүй байна.

Ажиллагааг Австрали, Малайз, Хятад улсуудын засгийн газар санхүүжүүлсэн бөгөөд өнгөрсөн жил тэд төлөвлөгдсөн эрлийн бүсээс шинэ зүйл олдохгүй бол эрлийг зогсоохоор тохироод байсан юм.

Зорчигчдын ар гэрийнхэн гурван жил хүлээсэн үр дүн гараагүйд ихэд бухимдаж байгаа ажээ. Энэ хугацаанд илэрсэн зүйлс бүгд MH370 онгоцных биш гэдэг нь батлагдсан юм.

Харин 2015 оны долдугаар сард Энэтгэгийн далайн Реюнион арлаас уг онгоцны далавчны хэсэг олдож байв. Гэхдээ онгоц сүйрсэн газар, түүний эх бие, хар хайрцаг олдолгүй байсаар дэлхийн нисэхийн түүхийн хамгийн том оньсого болон үлдэж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post