Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

10МВт-ын хүчин чадалтай Монголын хамгийн том НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ

Г.Номин, iKon.mn
2017 оны 1 сарын 18
iKon.MN
 

-Монголын хамгийн том нарны станц цахилгаан үйлдвэрлэж эхэлжээ-

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт "Солар Повер Интернешнл компани” Японы "Sharp” корпораци, "Shigemitsu shoji” компанитай хамтран 10МВт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станц байгуулах томоохон бүтээн байгуулалтын ажлаа дуусгаад байна. 

Энэхүү Нарны цахилгаан станц 10МВт-ын хүчин чадалтай бөгөөд жилд 15.2 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэн, төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлж, 14.746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх урьдчилсан тооцоо гарчээ.

Маргааш буюу нэгдүгээр сарын 19-нд албан ёсны нээлтээ хийх 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс төвийн бүсийн эрчим хүчний системд эрчим хүч нийлүүлж эхлээд байгаа аж.

 

Энэ станцад Япон улсын "Sharp” корпорацийн өндөр үзүүлэлттэй 32,274 ширхэг нарны зай суурилуулж, хамгийн сүүлийн үеийн технологи, нөү-хоу, туршлагыг ашиглаж, нам болон өндөр хүчдэлийн цахилгаан тоноглол зэрэг бусад тоног төхөөрөмжийг ХБНГУ-ын СМА компани болон Швед улсын АВВ компаниас нийлүүлжээ. Цахилгааны холболтын  кабель нь манай орны -30 хэмээс -40 хэмийн хүйтэн эрс тэс нөхцөлд найдвартай, өндөр үр ашигтай ажиллах шаардлагыг ханган ажиллах юм байна.

Монголын хамгийн анхны мега нарны станц 2016 оны арванхоёрдугаар сард туршилтын журмаар ажиллан, үйлдвэрлэсэн цахилгаанаа Төвийн эрчим хүчний системд нийлүүлэн туршсан. 

 

Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Монгол Улсын нарны анхны мега станцын үйл ажиллагааг эхлүүлж, эрчим хүчний хөгжлийн түүхэнд бас нэгэн шинэ хуудас нээж байгаадаа баяртай байна. 

Манай орон нарны эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ нөөц баялаг дээр тулгуурлан дотоод, гадаадын мэргэжлийн олон байгууллагууд нарны цахилгаан станц байгуулахаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлөө аваад ажиллаж байна. 

Нарны анхны станц хэр найдвартай, үр ашигтай ажиллахаас цаашид хэрэгжих олон төслийн хувь заяа хамаарна” хэмээж байлаа.

 

Дарханы нарны цахилгаан станцыг байгуулах ажлыг Нарны эрчим хүчний чиглэлээр 30 гаруй жил ажилласан, Физик-математикийн шинжлэх ухааны ухааны доктор Н.Энэбиш болон Дарханы дулааны цахилгаан станцыг 10 гаруй жил удирдсан, Монгол Улсын Зөвлөх инженер Б.Мандалбаяр нарын эрчим хүчний салбарт олон жил ажилласан мэргэжлийн туршлагатай баг Япон улсын Шарп корпораци, Shigemitsu Shoji компаний эрдэмтэн, мэргэжилтэн нартай хамтран хэрэгжүүлжээ.