Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаар дамжуулан 745.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2017 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг УИХ-ын ХМОНХ хэлтсээс авав

Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт, хүнс, хөнгөн аж үйлдвэрийн хөгжлийн талаарх мэдэээлийг  Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд П.Сэргэлэн хийлээ.

Тэрбээр мэдээлэлдээЖижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан 2009-2016 оны хугацаанд нийт 745.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Энэ зээлийн 83.5 хувийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан бөгөөд ингэснээр тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого нь дунджаар 20-30 хувиар нэмэгдсэн гэсэн дүн мэдээ байна.

Мөн 2011 оноос эхлэн Сум хөгжүүлэх сангаар дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 1-3 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийг олгосон. Энэ дэмжлэгийн үр дүнд орон нутагт 9,272 үйлдвэр, цех шинээр байгуулагдаж, 13,909 үйлдвэр, цех үйл ажиллагаагаа өргөтгөж, улсын хэмжээнд 32.9 мянган ажлын байр шинээр нэмэгдэн, 20.7 мянган ажлын байр хадгалагдаж үлдсэн байна” гэв. 

Харин Хүнсний үйлдвэрлэлийн салбарт нийт хоёр мянга орчим үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 13 мянган хүн ажиллаж байгаа судалгааг тус яамныхан гаргажээ. Хүнсний боловсруулах салбарын нийт үйлдвэрлэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар 941.1 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Мөн хүнсний найман гол нэрийн бүтээгдэхүүний 78 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа тул хүнсний хангамж тогтвортой гэж үзсэн байна. 

Хөнгөн аж үйлдвэрийн тухайд өнөөдрийн байдлаар 2,000 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 35 мянган ажилтан ажиллаж байна. Хөнгөн үйлдвэрлэлийн борлуулалт 2016 оны байдлаар 1.1 их наяд төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг тус салбарын сайд мэдээлэлдээ онцоллоо.  


М.Дондогдорж: Энэ онд ЖДҮ-ийн зээлд 24 тэрбум төгрөг тусгасан​ 

 

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнг дээрх мэдээллийг хийсний дараа тус яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдоржоос дараах зүйлийг тодрууллаа.

-Өнгөрсөн хугацаанд хэдий хэмжээний зээлийг хэчнээн үйлдвэрлэгчдэд олгов. Үр дүн ямар байна вэ? 

-ЖДҮ-ийг дэмжих сан байгуулсан өнгөрсөн хугацаанд нийт 745 тэрбум төгрөгийн зээл олгосон. Олгосон зээлд мониторинг хийж үзэхэд аж ахуйн нэгжүүдийн 80 хувь нь авсан зээлээ эргэлтийн хөрөнгө болон тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулсан байгаа. Борлуулалт 20-30 хувиар өссөн дүн гарсан.

-ЖДҮ эрхлэгчдийн хувьд өнөөдөр нөхцөл байдал ямар байна вэ? 

-Борлуулалт чухал байна. Зарим жижиг, дунд үйлдвэрлэгчдийн агуулахад нь их хэмжээний бүтээгдэхүүн бий болсон. Хийсэн бүтээгдэхүүнээ өөрийнх нь өртгөөр зарах нөхцөл байдал бий боллоо гэсэн асуудлыг зарим үйлдвэрлэгчид тавьж байгаа.

Сая Байнгын хорооны хуралдаанаас хилийн худалдааг дэмжих ёстой гэсэн чиглэл өглөө. Монгол Улсад 14 боомт байгаа, түүнийгээ ашиглаад хилийн худалдааг өргөжүүлэх асуудал ярьж байна. Хоёрдугаарт, Монгол, Хятадын экспо ирэх намар зохион байгуулна. Түүнчлэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах шаардлага байгаа. Энэ чиглэлээр анхаарч ажиллана. 

-Бусад зээлтэй харьцуулахад ЖДҮ-ийн зээлийн эргэн төлөлт харьцангуй сайн гэсэн мэдээлэл байсан. Зээлийн эргэн төлөлт ямар байна вэ? 

-ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр олгосон зээлийн эргэн төлөлт 97-98 хувьтай явж байна

-ЖДҮ эрхлэгчдийн тоо өссөн үү? 

-Тооны хувьд том өөрчлөлт байхгүй. Ихэнх хувийг нь 1-9 хүртэлх ажиллагсадтай жижиг үйлдвэрүүд эзэлж байгаа.

-ЖДҮ-ийн зээл хэвийн олгогдох уу, энэ онд хэдий хэмжээний зээл олгохоор төлөвлөсөн бэ. Өнгөрсөн онынхтой харьцуулахад зээлийн хэмжээ өссөн үү, буурсан уу? 

-2017 оны төсөвт ЖДҮ-ийн зээлд 24 тэрбум төгрөг тусгасан. 2016 онд 74 тэрбумыг ЖДҮ-ийг дэмжихэд зориулж гаргасан байдаг.