Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Эрдэнэбат: ЗГ-аас зуух, түлш шинэчилж утаатай тэмцэх бодлого барихгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

- 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс гэр хорооллын өрхүүдийн цахилгааны шөнийн тарифийг тэглэнэ - 

Агаарын бохирдол өнөөдрийн тулгамдсан асуудал болоод байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. 

Ерөнхий сайд “Үе үеийн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бодлого гаргаад, хэрэгжүүлэх гэж оролдсон. Гэвч гарсан үр дүн ямар байгаа нь ойлгомжтой байгаа. Өмнө нь олон ажил хийгдэж байсан ч үр дүн багатай байгаа. Улаанбаатарын утааг ингэж бууруулах боломжтой гэсэн үр дүнтэй баримт бичиг өнөөдрийн байдлаар нэг ч алга. Тиймээс ШУА-ын эрдэмтдийг энэ чиглэлд ажиллаач ээ гэсэн хүсэлт тавьсан байгаа. Эрдэмтэд маань нааштай хүлээж авсан. 

Агаарын бохирдолтой тэмцэхдээ утаа багатай зуух, утаагүй түлж гэдэг зүйлээр тэмцэж байсан. Зуух нь ч, түлш нь ч утаа гаргана. Тиймээс утааг багасгах ажил огт явагдаагүй. 

Зөвхөн түлш, зуухтай ноцолдоод утаа буурахгүй. Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авах ёстой гэж харж байгаа. Эхний нь орон сууцжуулах асуудал. Гэвч хотын бүх гэр хорооллыг орон сууцжуулна гэдэг хүнд. Тиймээс БНХАУ-ын Ерөнхий сайд манай улсад айлчлах үеэрээ амалсан 50 сая ам.долларын хөрөнгөөр орон сууц барих асуудлыг шийдье гэж байгаа. 

Хоёрдугаарт, түлшийг өөрчилж хийн болон цахилгаанаар дулааны эрчим хүч үйлдвэрлэж утааны асуудлыг шийдсэн улс орнууд бий. Тэгвэл манай нөхцөлд хийгээр дулаан үйлдвэрлэх боломжгүй учир цахилгаанаар дулаан үйлдвэрлэх боломж бололцоог судлах шаардлагатай байна.

Саяхан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний зөвлөл хуралдаж 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс гэр хорооллын өрхүүдийн цахилгааны шөнийн тарифийг тэглэхээр болсон.
Гэхдээ цахилгаанаар дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд одоогийн байгаа технологи, тоног төхөөрөмж маань хэрэглээгээ хангаж дийлэхгүй. Тиймээс хямд өртөгтэй цахилгаанаар дулаан бий болгодог технологийн бий болгож санаачлаач гэдэг саналыг эрдэмтэддээ тавиад байгаа” гэлээ. 

Мөн “Орон нутагт амьдарч байсан иргэд ган, зудтай холбоотойгоор нийслэлд шилжин суурьших болсон нь агаарын бохирдлын бас нэгэн шалтгаан болж байгаа. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдолтой тэмцэхэд зориулж нийт 130-140 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ мөнгөөр иргэдээ малжуулаад Улаанбаатараас гадагш чиглэсэн хөдөлгөөнийг бий болгосон бол хэчнээн мянган иргэнийг амжиргааны баталгаажих эх үүсвэртэй болгож, утааг багасгахад нөлөөлөх байсан бол. Тиймээс ирэх оноос иргэдийг малжуулах санг байгуулж, орон нутагт шилжүүлэх ажлыг давхар хийнэ. 

Утааг бууруулахын тулд ганц нэгэн сэдэв яриад дийлэхгүй. Хэд хэдэн чиглэлд ажиллах шаардлагатай гэж Засгийн газар үзэж байгаа.  

Агаарын бохирдлыг бууруулахад зориулж энэ жил дөрвөн тэрбум орчим төгрөг төсөвлөсөн байгаа. Засгийн газраас утаагүй зуух, утаагүй түлш шинэчилж агаарын бохирдлыг бууруулах бодлого барихгүй.

Агаарын бохирдлыг бууруулах төсвийн 80 орчим хувь нь шөнийн тарифыг тэглэх, алдагдлыг санхүүжүүлэх зэрэгт зарцуулагдана” гэлээ.