Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулийн өөрчлөлтийг судлах Ажлын хэсэгт 3 сарын хугацаа өглөө

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Засгийн газраас байгуулсан Үндсэн хуулийг өөрчлөх Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд боллоо. 

Уг ажлын хэсгийг эрдэмтэн, судлаачид нийлсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар Удирдагын академийн Эрх зүйн танхимын эрхлэгч, доктор Ч.Энхбаатар, гишүүдээр ШУА-ын тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн танхимын профессор А.Эрдэнэцогт, Ардчилсан үндсэн хууль тогтоогчдын холбооны Ерөнхийлөгч н.Моондо, тус холбооны гүйцэтгэх захирал н.Мандах, Хууль зүйн сайд асан Н.Лувсанжав, “Эв монгол” ТББ-ын тэргүүн О.Алтангэрэл, түүхч Д.Өлзийбаатар, “Ёс” өмгөөллийн нөхөрлөлийн гишүүн Д.Миеэгомбо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч Ц.Даваадулам, иргэн Б.Лхамжав, судлаач М.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр судалгаа хийх юм байна. 

 

Засгийн газраас Үндсэн хуулийг өөрчлөх оруулах ажлыг судлахад эхний ээлжинд гурван сарын хугацаа өгч байгаа аж. Шаардлагатай гэвэл энэ хугацааг сунгаж болохыг уулзалтын эхэнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат онцолсон. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Үндсэн хуулийг өөрчилөх ажлыг судална гэдэг жижиг ажил биш. Улс орныг нийтээр нь хамарсан өргөн хэмжээний судалгаа болох ёстой. 

Үндсэн хуулийн өөрчлөлтийг эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын хүрээнд эхлээд ярилцвал нийгэмтэйгээ ойлголцоход дэмжлэг болох юм.

Магадгүй цаашид УИХ дээр энэ асуудал яригдана. Тэр үед ард иргэд, судлаачид, хуульчид ямар бодолтой байна вэ гэдэг гол асуудал гарч ирнэ. 

Та бүхэн бие даасан байгууллага шүү гэдгийг онцолмоор байна. Та бүхний судалгаанд Засгийн газар ямар нэгэн байр суурь тулгахгүй” гэлээ. 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг олон жил талаас нь ярьсан. Энэ асуудал мэдээж УИХ дээр шийдэгдэнэ. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага үнэхээр байгаа юу байхгүй юу, байвал ямар хувилбар байгаа юм бэ гэдгийг нэгтгээд ярья гэсэн юм.

 

Засгийн газар дээр ирж байгаа санал хүсэлтийг үндэслээд энэ ажлын хэсгийг байгуулсан. Эндээс гарсан санал дүгнэлт судалгааг бид УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж танилцуулна" гэв.

Ингээд ажлын хэсгийн гишүүд байр сууриа илэрхийлэв. 

 

М.Батчимэг: /Улаанбаатар бодлогын судалгааны төвийн зөвлөх/ Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулсанд судлаач хүний хувьд талархаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх нь үндэсний зөвшилцлийн асуудал учир хамтран ажиллахад бэлэн байна.

 

Д.Ламжав: /иргэн/ Үндсэн хуулийн яг юуг нь засч сайжруулах нь зүйтэй вэ гэсэн чиглэлээр хийсэн судалгаа бий. Гэхдээ энэ Ажлын хэсэг илүү сайн төсөл бий болгоход анхаарч ажиллая.

Б.Гүнбилэг: /Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч/ Үндсэн хуулийг өөрчлөх талаар олон жил ярьж, энэ чиглэлээр багагүй зүйл хийсэн учир зарим зүйл нь тодорхой байгаа. Одоо яг юуг нь өөрчлөх шаардлагатай вэ гэдгээ Ажлын хэсэг дээрээ тодотгож, энэ чиглэлээ барьж ажиллавал дээр байх.

Н.Лувсанжав: /”Легимитус” ТББ-ын УЗ-ийн гишүүн/ Үндсэн хуулийн өөрчлөлтийг заавал ард нийтийн санал асуулга, зөвшилцлийн хүрээнд хийх ёстой гэсэн уур амьсгал байдаг. Гэхдээ үүнийг хүлээн зөвшөөрөх эрх зүйн боломж бий юу гэдэгт бас анхаарах хэрэгтэй.

Ц.Даваадулам: /НҮБХХ-ийн засаглалын багийн ахлагч/ Ажлын хэсэг юуны түрүүн байр сууриа нэгтгэх хэрэгтэй. Сэдвүүдээ хувааж авч хэлэлцүүлэг зохион байгуулбал үр дүнтэй байх болов уу.

Г.Чулуунбаатар: /ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч/ Үндсэн хуулийг хөндөх асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж ирээч гэж ойлголоо. Үндсэн хуулиа өөрчилсөн гадны орнуудын туршлагыг судалсан байдалд чанарын задлан шинжилгээ хийе. Үндсэн хууль дахь ямар асуудлыг нь хөндөх, үндэсний зөвшилцлөө  яаж явуулах юм гээд 2-3 хувилбартай, олон нийтийн санаа бодлыг тусгасан байхаар судалгаа хийх нь зүйтэй.

А.Эрдэнэцогт: /МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тэнхимийн профессор/ Ажлын хэсэг хамрах хүрээгээ зөв тодорхойлохоос ажлаа эхлэх хэрэгтэй. Ингэж чадвал бидний дүгнэлтийг хэрхэн тусгаж, ямар шийдвэр гаргах нь Засгийн газар, УИХ-ын бүрэн эрх. Үндсэн хуулийн өөрчлөлт бол парламентын засаглалыг бэхжүүлэхэд оршиж байгаа гэж ойлгодог. Энэ чиглэлээ баривал зүгээр байх.

Д.Миеэгомбо: /”Ёс өмгөөллийн нөхөрлөл” ХХН-ийн гишүүн/ Үндсэн хуулийн өөрчлөлтийг үндэсний зөвшилцлөөр хийх ёстой. Ингэж чадвал өөрчлөлтийн нас урт, тогтвортой байх үндэс бүрдэнэ.