Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Мерил Стрип: Зан араншин нь ээжтэй минь төстэй учраас Флоренст татагдсан

Б.Даваахүү
2016 оны 12 сарын 6
Монголын мэдээ
Зураг зураг

Асар их доромжлол, доог тохууг үл тоон сапрон дуучин болох хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж чадсан алдартай дуучин Флоренсын тухай бодит амьдралаас сэдэвлэсэн “Florence Foster Jenkins” кино энэ онд нээлтээ хийсэн. Түүхч Стивен Пил Флоренсыг бүх цаг үеийн хамгийн муу дуурийн дуулаач хэмээн нэгэнтээ дурьдсан байдаг. Гэсэн хэдий ч, түүний ур чадвар 1920, 30, 40-өөд оныхныг байлдан дагуулж байсан гэдэг. Уг кинонд 19 удаа Оскарт нэр дэвшсэн чадварлаг жүжигчин Мерил Стрип тоглосон юм. Харин нэрт жүжигчин уг уран бүтээлийнхээ тухай хэрхэн өгүүлснийг “Оддын цаг” буландаа орчуулан хүргэж байна.

-Карнеги холлд танхим дүүрэн үзэгчдийн өмнө гарч дуулж буй хэсгийн зураг авалтыг хэрхэн хийсэн бэ? 

-Тэр хэсгийн зургийг тус тусад нь авсан. Эхлээд тайзан дээр дуулж буй жүжигчний зургийг авч, харин дараа нь үзэгчдийн хэсгийг авсан. Тэр үед найруулагч Стивен Фрирзэд “Эхлээд үзэгчдийн зургийг авбал ямар вэ. Тэгвэл жинхэнэ тоглолт шиг болох биш үү” гэж хэлж үзсэн л дээ. Үзэгчид бидний юу үзүүлэхийг мэдээгүй байсан.

Угаасаа хэлээгүй юм чинь. Зүгээр л нэг танхимд оруулж ирээд, чимээгүй суулгачихсан. Тэгээд тал бүрээс нь таван камер зургийг нь авсан даа. Тиймээс кинон дахь үзэгчдийн сэтгэл хөдлөл их өвөрмөц байх болно.

Харин миний зураг авалт дунджаар оройн 21:00 цагт дуусч байв. Ядарч, сульдсанаас гадна хоолой ч авах юмгүй болсон. Даваа, мягмар гарагт бүтэн, лхагва гарагт өдрийн хагас зураг авсан. Киноны зураг авалт дууссаны дараа Нью-Йоркт очиж, сапрон дуучин Рене Флемингтэй уулзав.

Гэтэл надаас “Шөнийн хатан хааны ари”-г нэг өдөрт хоёр удаа дуулж байна уу” гэж асуухад нь “Нэг өдөрт найм шүү дээ” гэж хариулсан юм. Гэтэл “Би долоо хоногт хоёр л удаа дуулдаг. Түүнээс дээш дуулж чадах хүн бараг байхгүй дээ” гэж билээ.

Зураг авалтын үеэр бүгд л надад санаа тавьж байсан. Гэхдээ хоолойгоо амраахын тулд хагас өдөр амраад, үргэлжлүүлээд зураг авалт руугаа шилжиж байсныг хэлэх хэрэгтэй. 

-Үнэхээр гайхалтай тоглолт болсон? 

-За баярлалаа, гэхдээ их хөгжилтэй байж билээ. /инээв/ 

-Оскарт 19 удаа нэр дэвшсэн жүжигчинтэй хамт кинонд тоглохдоо айсан гэж Хью Грант ярьсан байна билээ? 

-Итгэмээргүй юм. Би тийм аймаар биш шүү дээ. Хэрвээ үнэн бол их л хөгжилтэй байсан бололтой. 

-Гэхдээ жүжигчдэд нийтлэг тохиолддог байх? 

-Магадгүй юм. Гэхдээ Хью тэгж хэлсэн гэхэд итгэмээргүй. /инээв/. Яах вэ залуу жүжигчидтэй хамтран тоглоход тийм тохиолдол байх. Гэвч ажлаа хийж байхад ямар нэг хүндрэл гардаггүй. Ер нь жүжиглэлт гэдэг тухайн хоёр жүжигчин өөр хоорондоо хэрхэн нийцэж буйгаас хамаардаг учраас аль болох хамтдаа тэрхүү ханыг нураах л хэрэгтэй. 

-Сент Клэйр Флоренсыг шархлуулахгүйн тулд түүний талаарх шүүмжүүдийг нуудаг. Гэтэл үнэн хэрэгтээ Флоренс ч гэсэн Сент Клэйрын төлөө адил зүйл хийх нь бий. Энэ мэтээр хоёр хүний хоорондын нандин харилцааг гаргахдаа Хью тун ч дур булаам харагдаж билээ? 

-Сент Клэйр, Флоренс нар 30 жил хамтдаа амьдарсан төдийгүй нэг нэгийгээ дэмжигч байсан. Хьютай энэ бүтээл дээр л анх удаа хамтран ажиллаж байна. Зураг авалт эхлэхээс өмнө киноны продюсер биднийг гэртээ оройн зоогт урьж, улмаар тэдний 30 жилийн турш нэг нэгэндээ бичсэн захидлыг үзүүлж билээ.

Сент Клэйрын Флоренсын төлөө гэсэн сэтгэл хайр уу, аль эсвэл мөнгөний төлөө юу гэх мэт эргэлзээтэй асуулт олон байгааг мэдэж байсан ч, тэдгээр захидлын талаар юу ч мэдээгүй байв. Гэтэл захидлаас хайр гэрэлтэж байсан. Хью хайр ч гэсэн хувийн ашиг сонирхол гэж хэлж билээ. Үгүйсгэх аргагүй. Гэхдээ тэдний хоорондын харилцааг хайр сэтгэл гэж хэлэх нь зүйтэй байх. 

-Энэ бүтээлд тоглохдоо дуулахаас эхлээд, Флоренсын сэтгэл хөдлөлийн талаар ч судалсан уу? 

-Жүжиглэхдээ би өөрийгөө судалдаг. Учир нь ингэхдээ өөрийнхөө өөр нэг хэсэг рүү нэвтэрдэг учраас тэр. Энэ удаа би ямар нэг зүйлийг буруу хийсэн эсэхдээ хэт анхаардаг гэдгээ мэдсэн. Ер нь би байнга хаана алдаа гаргав гэдгээ ажиглаж явдаг. Тэр нь миний сул тал байх.

Гэхдээ үүнээс үл хамааран, цор ганц дэлхийн хамгийн гайхалтай, үзэсгэлэнтэй бүсгүйг хүмүүст харуулахыг хүслээ. Флоренсын өөдрөг үзэл, муу муухайг ч үл тоох зан араншин нь миний ээжтэй төстэй санагдсан болохоор л түүнд татагдсан юм. Ийм хүмүүс амьдралаас аз жаргалыг мэдэрдэг. Харин эсрэгээрээ над шиг хүмүүс ямар нэг зүйлийг буруу хийсэн эсэхдээ хэт анхаарч, өөрийгөө шаналгаж байдаг.

Зураг