Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

М.Уранцэцэг бас нэг шинэ амжилтын эзэн боллоо

Д.Надмид
2016 оны 12 сарын 6
Зууны мэдээ
Зураг зураг

Жил бүрийн төгсгөлөөр Японд уламжлал болон зохиогддог жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Токиогийн "Их дуулга" нь чансаагаараа олимпийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа ордог болохоор "Бага дэлхийн аварга" хэмээн нэрлэдэг.

Энэхүү тэмцээний энэ жилийнхэд дэлхийн 41 орны 280 гаруй тамирчин оролцжээ. Онцлог нь жилийн төгсгөлийн тэмцээн учраас тив бүрээс шилдгүүд цугларсан аж. Манай улсаас эрэгтэй найм,эмэгтэй дөрөв нийт  жүдоч өрсөлдсөн юм. Японы талаас тэмцээн зохион байгуулагчийн давуу эрхээр жин бүрд дөрвөн бөх зодоглуулсан.

Тэгээд 14 жингийн аравт нь алтан медалийг эх орондоо үлдээж чадав. Нөгөө талаар жүдо бөхийн эх орны одоо дэлхийд тэргүүлдэг тамирчидтай хүч сорих боломж бусад орны бөхчүүдэд олдсон нь бас нэг онцлог байлаа гэж болно.

Чансаа өндөр энэ тэмцээнд манай бөхчүүд нэг алт, хоёр хүрэл медаль авч багийн дүнгээр гуравт орлоо. Уг нь ОХУ-ын багаас нэг л хүрэл медалиар дутсан байлаа. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон дэлхийн аварга, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг урамтай сайхан барилдаж алтан медалийн эзэн боллоо.

Энэ амжилт нь “Их дуулга” тэмцээнээс алтан медаль хүртсэн анхны монгол жүдоч гэсэн хүндэтгэл авчрав. Өмнө нь М.Уранцэцэг дэлхийн аваргад түрүүлсэн анхны эмэгтэй жүдоч болсон амжилт бас бий.

Тэрбээр эхний тойрогт Чилийн бөхийг, хэсгийн аваргын төлөө барилдаанд Солонгосын бөхийг ялсан бол хагас шигшээд эзэн орны бөх Тонаки Фунаг буулган авсан байна. Тэгээд алтан медалийн төлөө БНСУ-ын шилдэг бөх, дэлхийн аваргын мөнгөн медальт Жон Бу Кёнтэй тулж гарамгай сайхан барилдаж ялсан ажээ.

Энэ амжилт нь “Их дуулга” тэмцээнээс алтан медаль хүртсэн анхны монгол жүдоч гэсэн хүндэтгэл авчрав.

Солонгосын энэ бөх Казахстаны багийн бөх Г.Отгонцэцэгийг хагас шигшээд ялжээ. Ингэснээр Г.Отгонцэцэгийн 12 тэмцээн дараалан медаль хүртсэн амжилтад цэг тавьсан байна. Мөн эхний өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-д олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа хүрэл медаль хүртсэнээр “Их дуулга”-ын хошой хүрэл медальтан болов.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Алтансүх “ Их дуулга”-д анх удаа барилдсан өдрөө бас нэг хүрэл медаль багтаа авчирсан юм. Гавьяат тамирчин Д.Сумъяа, хүрэл медальт Д.Алтансүх нар Японы бөхөд тахимаа өгсөн байна. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин хүрэл медалийн төлөө барилдаанд ОХУ-ын бөхөд дийлдэн шагналт байрт ухарчээ. Тэмцээний дараагийн хоёр өдөр манай бөхчүүдээс хэн нь ч финалд шалгарч чадсангүй.

Эцсийн дүнгээр "Их дуулга”-ын эхний байрыг алддаггүй уламжлалаа Япон бөхчүүд эзэмшив. Тэд нийт 56 медалийн 35-ыг авч үлдсэн. Түүний арав нь алт, есөн мөнгө, 16 хүрэл медаль ажээ. Харин Японы бөхчүүдээс илүү гарч алтан медаль хүртсэн нь Монгол, ОХУ, Серби, Австрийн жүдочид байлаа. Энэ тэмцээнд очсон 40 гаруй улсын тал хувь нь буюу 20 орны тамирчид л медальд хүрсэн байна.

Зураг