Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп Тайваний ерөнхийлөгчтэй утсаар ярьснаар “Нэг Хятад” зарчмыг зөрчлөө

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэнтэй утсаар ярьсан нь 1979 онд АНУ Тайваниас дипломат харилцаагаа тасалснаас хойш анхны тохиолдол боллоо.

1979 онд АНУ “Нэг Хятад” бодлого буюу коммунист Бээжинг Хятадын цорын ганц хууль ёсны засгийн газар болохыг хүлээн зөвшөөрсөн юм. Тэр цагаас хойш АНУ-ын ганц ч ерөнхийлөгч, ерөнхийлөгчөөр сонгогдсон нэр дэвшигч Тайваньтай шууд харьцаж байсангүй.

Энэ уламжлалыг Трамп 10 минутын утасны яриагаараа эвджээ.

Утсаар ярьснаас хойш хэдхэн цагийн дараа Хятадын гадаад хэргийн сайд Ван Ий мэдэгдэхдээ уг үйл явдлын гол буруутан Тайвань гээд “Тайваний талын зохион байгуулсан заль мэх” гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл Америкийн талыг шууд буруутгахаас зайлсхийсэн байна.

Тэр “Нэг Хятадын зарчим бол Хятад-Америкийн харилцааны тулгын чулуу бөгөөд бид энэ зарчмыг эвдэгдэхийг хүсэхгүй байна” гэсэн юм.

1949 онд иргэний дайнаар Тайвань эх газрын Хятадаас салан тусгаарлагдсан. Бээжин уг арлыг өөрийн алдагдсан газар нутаг хэмээн үзэж, шаардлагатай бол хүч хэрэглэн нэгтгэнэ гэж үздэг.

1979 оноос хойш АНУ Тайваньтай албан ёсны харилцаагүй болсон ба зөвхөн зэвсэг ханган нийлүүлэх ганц гэрээтэй үлдсэн юм.

Трамп Цай Ин Вэнтэй утсаар ярьснаа “Тайваний ерөнхийлөгч өнөөдөр надтай ярьж сонгуульд ялсанд баяр хүргэлээ. Баярлалаа!” гэж твиттер хуудсандаа нийтэлсэн байна.

Үүнээс цаг орчмын дараа Трамп дахин бичихдээ “Тайвань АНУ-тай олон тэрбумын зэвсгийн наймаа хийдэг байхад би яаж тэдний дуудлагыг хүлээж авахгүй байх вэ?” хэмээн өөрийгөө зөвтгөжээ.

Трампын багийнхны баталж байгаагаар шинэ ерөнхийлөгч “Нэг Хятад” бодлогыг сайн мэддэг гэсэн байна. Харин гадаад бодлогын өөрчлөлт хийхээр төлөвлөсөн үгүйг нь одоогоор хэлэх боломжгүй гэжээ.

Ажиглагчид зарим нь Трампын Тайваньтай утсаар шууд ярьсан нь АНУ-ын гадаад бодлогод ноцтой өөрчлөлт хийх төлөвлөгөөтэй байгаагийн шинж гэж байгаа бол зарим нь зүгээр л түүнийг гадаад бодлогын мэдлэггүйгээсээ болоод санамсаргүй алдаа хийлээ гэж тайлбарлаж байна.

Дэлхий нийт, тэр дотроо Ази тивийн улс орнууд Трампын засаглал тус бүс нутгийн эмзэг асуудлуудад ямар бодлогын өөрчлөлт хийхийг анхааралтай ажиглаж байгаа юм.

 

Эх сурвалж: Japan Times