Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

С.Сарантуяа: "Зүрхнээс зүрхэнд" цэнгүүнээрээ бүтээлүүдээсээ сорчилж үзэгчдэд хүргэнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Ардын жүжигчин С.Сарантуяатай ярилцлаа. Тэрбээр энэ сарын 11-нд “Зүрхнээс зүрхэнд” хэмээх уран бүтээлийн цэнгүүнээ хийх юм.

-Удахгүй таны уран бүтээлийн цэнгүүн болно. Энэ талаар яриагаа эхэлье?

-Манай театрт уран бүтээлчдийн уран бүтээлийн цэнгүүнийг оноож, тэмдэглэж өнгөрүүлдэг уламжлал эртнээс тогтсон гэж хэлж болно. Анхлан театрын дэргэд Драмын мэргэжлийн жүжигчдийн төв буюу одоогийн "Гэгээн Муза" академиас МУГЖ Г.Равдан, Б.Нармандах зэрэг жүжигчдийнхээ уран бүтээлийн цэнгүүнийг “Шүүдрийн мянган дусал” нэртэйгээр хийж байсан.

Түүнээс хойш театр маань өөрийнхөө уран бүтээлчдийн цэнгүүнийг тэмдэглэдэг уламжлалтай болсон. Энэ удаад миний уран бүтээлийн цэнгүүнийг хийх цаг нь ирсэн байна. Уран бүтээлийн цэнгүүнээрээ нэг бүтэн уран бүтээл биш, уран бүтээлүүдээсээ сорчилж  цоморлог болгон үзэгчдэд хүргэнэ.

-Яагаад цэнгүүнээ Зүрхнээс зүрхэнд гэж нэрлэсэн юм бэ. Их утга учир бодож өгсөн нэр байх?

-Мэргэжил талаасаа нэрлэсэн гэхэд болно. Жүжигчин хэмээх мэргэжлийг эзэмшсэн хүний хувьд ямар ч жүжигчин хүн аливаа уран бүтээлд ороод, аливаа нэг дүрийг аваад ажиллахад хамгийн эхлээд оюун тархиараа бясалгаад, дараа нь өөрийн зүрхээр мэдэрч ажиллах ёстой. Ингэж зүрхээрээ мэдэрч ажилласан зүйл үзэгчдийн зүрхэнд хүрэхгүй юм бол энэ нь чамлалттай гэсэн үг. Мэргэжилдээ эзэн байх гэж бид ярьдаг шүү дээ.

Тэгвэл жүжигчний хувьд уран бүтээл нь үзэгчдийн зүрхэнд хүрч байвал энэ нь мэргэжилдээ эзэн байна гэсэн үг юм болов уу хэмээн бодож “Зүрхнээс зүрхэнд” гэж нэрийг сонгож авсан. Уран бүтээлийн цэнгүүнийхээ үеэр өөрийн уран бүтээл, жүжиглэх арга барилын талаар бичсэн номоо гаргаж байгаа. Тэр ном маань мөн “Зүрхнээс зүрхэнд” гэдэг нэртэй.

 

-Цэнгүүнд хэдэн уран бүтээлийнхээ хэсгээс цоморлог болгон оруулах гэж байна вэ?

-Энэ бол жүжигчний ажил гэж юу вэ, жүжигчин хүн гэж ямар байдаг бэ гэдгийг харуулахыг зорьж байгаа учраас 10 жүжгийн хэсгээс оруулж байна. Ингэхдээ түүхийн, инээдмийн өнгө аястай, уянгынх гэх мэтчилэнгээр төрөл бүрээс сонгосон. Миний цэнгүүн үндсэн хоёр хэсэгтэй байх болно. Эхний хэсэг “Хайр” нэрийн доор бүтээлүүд маань тоглогдоно. Дараагийн хэсэг нь “Ээж” нэрийн дор үргэлжлэх юм.

-Та театртай замналаа хэрхэн холбож байсан юм бэ?

-УБДС-ийн кинодрамын анги гэж байсан. Энэ ангийг 1980 онд жүжигчний мэргэжлээр төгсөөд, театртаа жүжигчнээр орсон. Өнөөдрийн хүртэл ажиллаж байна.

-Таны хамгийн анхны дүр “Ширүүн тулааны өмнө” жүжгийн Бурмаагийн дүр гэж сонссон?

-Жүжигчин байх, үүний тулд хувь уран бүтээлч яах ёстой вэ, ямар байх ёстой вэ, өөрийгөө яаж бэлдэх ёстой вэ гээд сургуулиас олж авсан тэр өчүүхэн мэдлэгээ яаж театрын тайзан дээр амилуулах ёстой вэ гээд энэ бүхний гарааг “Ширүүн тулааны өмнө” жүжиг тавьж өгсөн. Энэ жүжгийн хамт олон голдуу ахмадууд маань байсан. Тэд нарын бүтээлдээ хандаж байгаа хандлагыг хараад өөрөөсөө ичих шиг болсон. Хөшигний ард хэд ч уйлж зогсч байв даа. 

-Тэгвэл танд өөрийгөө сайн уран бүтээлч болж байна шүү гэж бодож, өөрийгөө тоож байсан үе бий юү?

-Болоогүй байна даа гэсэн бодол л нэмэгдээд байдаг юм байна. Яагаад гэхээр бид нар хүн судалдаг хүмүүс. Амьдрал, хүний ертөнцийг судлах нь хязгааргүй. Нэг шинэ бүтээл авах бүрд шинэ юм мэддэг, түүнийгээ улам хөгжүүлдэг. Тэгэхээр бидний суралцах явц хязгааргүй. Харин ажилласан дүрээ эргээд харахад гайгүй болчихов уу даа гэж бодох юм байлгүй яах вэ.

-Жүжигчний уран чадварыг хамгийн ихээр сорьж, хөгжүүлдэг төрөл бол яах аргагүй моно жүжгийн төрөл. Хавар та АНЭУ-д “Хатагтай Макбет” жүжгээрээ олон улсын моно жүжгийн наадамд амжилттай оролцоод ирсэн. Энэ талаараа яривал?

-"Гэгээн Муза" академи бол мэргэжлийн уран бүтээлчдэд чиглэсэн, тухайн цаг хугацаандаа ямар нэг хэмжээгээр нэхэгдэж байгаа, эсвэл орхигдсон зүйлийг барьж ажилладаг. “Хатагтай Макбет” бол энэ чиглэлээр гарч ирсэн бүтээл. Өөрөөр хэлбэл, Монголд моно буюу нэг хүний жүжгийн төрлийг бий болгох, түүнийг уран бүтээлчдэд болон үзэгчдэд таниулах зорилгын үүднээс төрөн гарсан гэж хэлж болно.

Зохиолыг У.Шекспирийн “Макбет”гэж сонгодог жүжгээс “Хатагтай Макбет” гэдгээр нь сэдэвлэн авч, залуу зохиолч Д.Мэндсайхан бичсэн. Энэ бүтээлээрээ зарим наадамд оролцон, өөрсдийнхөө хийсэн ажлыг бусадтай харьцуулж үзэх, туршлага судалж, хэрхэн Монголдоо хөгжүүлж болох вэ гэдэг гарцын эхлэл болсон. Хамгийн сүүлд Арабын Эмират улсад олон улсын моно жүжгийн наадамд оролцсон юм. 

Энд 40 гаруй орны уран бүтээлчид оролцсон. Жүжиг бүрийн дараагаар театр судлаач, шүүмжлэгч нарын ярилцлага болж санал шүүмжлэл хэлэх, дүгнэх зэргээр уран бүтээлч үйл ажиллагаа явуулж байлаа. 

Жүжиг эхлэхэд танхим дүүрэн үзэгч байж байгаад таалагдахгүй бол дундуур нь орхиод гараад явчихдаг. Харин манай жүжиг тоглогдоход анх танхим ямар их үзэгчтэй байсан, яг тэр хэвээрээ үзэгч олонтой дууссан. Үзэгчид ч сайхан хүлээж авсан.

-Жүжгийн дараагаар хэлэлцүүлэг болж байсан гэсэн. Энэ хэлэлцүүлгээр ямар санал, шүүмжүүд гарч байв?

-Хэлэлцүүлгийн үеэр манай жүжгийн зохиолч Д.Мэндсайханыг ихэд магтсан.  У.Шекспирийн 300 гаруй хуудастай зохиолоос зөвхөн хатагтай Макбет гэдэг хүний ертөнц, түүний дотоод хүсэл мөрөөдлийг 45-хан минутад базаж гаргана гэдэг амаргүй. Ямар мундаг зохиолч вэ гэж байсан шүү. Зохиолч нь залуу хүн бий гэхэд тун гайхаж байсан. Мөн энэ үеэр дараа дараагийн үйл ажиллагаанд хамтарч ажиллах санал тавьсан.

Түүнчлэн манай тайзыг тун онцолж, тайзны зураачийн гүйцэтгэлийг маш оновчтой байна гэж ярьсан. Хэдийгээр сонгодог жүжгээр сэдэвлэж авсан байлаа ч гэсэн өөрийн Монгол гэдэг хөрсөндөө буулгаж, хувцаслалтаа хүртэл тэр элементээ оруулж хийсэн. Тэр маань ч гэсэн хүмүүсийн сонирхлыг татсан юм байна лээ. Энэ л бидний ажлын амжилт, үр дүн юм. 

-Урлагт зүтгээд та 40 орчим жилийг ардаа үдэж. Энэ хугацаанд хүний сайн хань, хүүхдийн сайн эх, жүжигчин байх гээд гурван үүргийг нэг дор авч явах хэр байсан бэ?

-Цаг хугацаа нэг л мэдэхэд өнгөрдөг юм байна. Хүнд хэцүү байсан гэж би хэлэхгүй.

-Таны амьдралын хамгийн жаргалтай үе гэвэл?

-Ээж, аав, гэр бүл, үр хүүхэдтэйгээ элэг бүтэн байна гэдэг бол хамгийн их аз жаргал. Мөн уран бүтээл дээрээ ажиллах үе ч хамгийн аз жаргалтай.

-Танайх урлагийн гэр бүл шүү дээ. Гэр бүлээрээ хамтраад тоглолт хийх тухай та бодож байв уу?

-Тийм зүйл бодож байгаагүй. Энэ удаад уран бүтээлийн цэнгүүн хийж байгаа минь  театраас надад өгсөн үүрэг даалгавар.