Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсад ХДХВ/ДОХ-ын халдвартай 183 хүн амьдарч байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдөр Дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг анхаарлаа хандуулах өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд Монгол улсад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэсээр 20-иод жил болж байна.

Тэмдэглэлт өдрийн хүрээнд 2016 онд “ХДХВ, ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриа дэвшүүлжээ. Уг өдрийг угтаж ЭМЯ, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газар, ХӨСҮТ болон бусад холбогдох байгууллагынхан мэдээлэл хийлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Ганцэцэг "2016 оны арваннэгдүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 218 тохиолдол бүртгэгдэж, одоогийн байдлаар 183 хүн халдвартай амьдарч байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа. Халдвар авсан эрэгтэйчүүдийн 80 хувь нь эрэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүд юм.

Энэ онд хийгдсэн шинэчилсэн тооцооллоор 15-49 насныхны дунд ХДХВ-ийн халдвартай 457 хүн байж болох тооцоолол байгаа. Энэ нь ХДХВ-ийн халдвараар бүртгэгдсэн хоёр хүний ард гурван оношлогдоогүй хүн байна гэсэн тооцоо юм." гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Халдвар авсан хүмүүс эмчилгээнд хугацаа алдалгүй орох нь наслалтыг уртасгаж, хүн амын дундаж нас руу ойртуулж, хүндрэл эрсдэлээс сэргийлэх нь тогтоогтжээ. Тиймээс 15-49 насны нөхөн үржихүйн насны бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүс жилд нэг удаа шинжилгээнд хамрагдах шаардлагатай.

ХДХВ-ийн бүртгэгдсэн тохиолдлуудын 62 хувийг 25-34 насны залуучууд эзэлж, 99 хувь нь бэлгийн замаар халдварлажээ. Нийт халдварын 80 хувь Улаанбаатар хотод, үлдсэн 20 хувь орон нутагт бүртгэгдсэн байна.

1992 онд ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 35 хүн нас барсан байна. Энэ хугацаанд мөн 10 халдвартай эх амаржсан бөгөөд эхээс урагт халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байгаа. Мөн цус, цусан бүтээгдэхүүнээр халдвар дамжсан тохиолдол байхгүйг ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Б.Цацралт-Од хэлж байлаа.

НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн Гүйцэтгэх Захирал Mихел Сидибе хэлэхдээ ”Одоо бидэнд ДОХ-ын эсрэг эхэлсэн ажлаа дуусгахын төлөө эргэж нэгдэх цаг болжээ.Энэ боломжийг ашиглан ДОХ-ын аюулыг 2030 он гэхэд устгахын төлөө яаравчилья” гэж гишүүн орнуудад уриалжээ.    

ХДХВ/ДОХ-ЫН ТАРХАЛТ ДЭЛХИЙД 2015 ОНД:
  • 36.7 САЯ ХҮН ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ АМЬДАРЧ БАЙНА.
     
  • 2.1 САЯ ХҮН ЖИЛД ХДХВ-ИЙН ХАЛДВАР ШИНЭЭР АВСАН БАЙНА /2000 онд 3.1сая байсан бол 2010 онд 2.2 сая харин 2015 онд 2.1 сая болж буурчээ/.
     
  • 17 САЯ ХҮН ДОХ-ЫН РЕТРОВИРУСЫН ЭСРЭГ ЭМЧИЛГЭЭНД ХАМРАГДСАН /2015 оны 6 сард 15.8 сая хүн Ретровирусын эсрэг эмчилгээнд хамрагдаж байсан бол 2016 оны 12 сар гэхэд 17 сая болсон байна. 2010 онд ХДХВ-ийн халдвартай насанд хүрэгсдийн ретровирусын эсрэг эмчилгээний хамрагдалт 23%  байсан бол 2015 онд 46%  болж нэмэгдсэн байна/.
     
  • 1.1 САЯ ХҮН ДОХ-ЫН УЛМААС НАС БАРСАН /ДОХ-ын шалтгаант нас баралт хамгийн өндөр байсан 2005 онтой харьцуулахад 45%-иар буурчээ. 2005 онд 2 сая ДОХ-ын шалтгаант нас баралт бүртгэгдэж байсан бол 2015 онд 1.1 сая болж буурчээ. Улс орнууд 2030 он гэхэд ХДХВ-ийн халдварын тархалтыг  хяналтандаа авч, цаашид ямар ч улс орны  хувьд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал биш болгох зорилт тавин ажиллаж байна/

График: Дэлхий дахинд ХДХВ-ийн халвар шинээр авагсдын тоо буурч байна.

Урьдчилан сэргийлэлт

ХДХВ-ийн халдвар авахаас дараах аргаар урьдчилан сэргийлнэ. Үүнд:

  1. Эрэгтэй, эмэгтэй бэлгэвч хэрэглэх

    Бэлгийн хавьтлын үед эр, эм бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх нь ХДХВ болон бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлнэ. Эрэгтэй бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэхэд ХДХВ болон БЗДХ-аас 85% хамгаалдаг гэсэн тоо баримт байдаг.
     
  2. ХДХВ болон БЗДХ илрүүлэх шинжилгээ

    Эрсдэлд өртсөн хүмүүс ХДХВ, БЗДХ авсан эсэхээ мэдэх цорын ганц арга нь  шинжилгээ өгөх бөгөөд ингэснээр цаг алдахгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эмчилгээнд хамрагдах боломжтой болно. ХДХВ-ийн  халдвар илрүүлэх шинжилгээ өгснөөр өөртөө итгэлтэйгээр амьдарч,  гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдварын эрсдэлээс хамгаалах нь таны үүрэг хариуцлага юм.
     
  3. ХДХВ-ийн  эсрэг эмчилгээг урьдчилан сэргийлэлтэд хэрэглэх

    Өртөлтийн өмнөх сэргийлэлт
    Бэлгийн хосын нэг нь ХДХВ-ийн  халдвартай, нөгөө нь халдваргүй үед ХДХВ-ийн  халдваргүй хүнийг ХДХВ-ийн  эсрэг эмчилгээнд хамруулж өртөлтийн өмнөх урьдчилан сэргийлэлт хийнэ. Мөн өндөр эрсдэлт бүлэг болох эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд (ЭБЭ) бүлгийг ХДХВ-ийн өртөлтийн өмнөх урьдчилан сэргийлэлтэд оруулахыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөж байна.

    Өртөлтийн дараах сэргийлэлт
    ХДХВ-ийн халдварын эрсдэлд өртсөнөөс хойш 72 цагийн дотор халдварыг таслан зогсоох зорилгоор эмчилгээнд хамруулахыг өртөлтийн дараах сэргийлэлт гэж хэлнэ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмжид өртөлтийн дараах сэргийлэлтийг хүүхэд болон насанд хүрэгчдэд  ажил мэргэжилтэй холбоотой болон холбоотой бусаар (ажил үүргээ гүйцэтгэж байх, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, бэлгийн хүчирхийлэлд өртөх гэх мэт) ХДХВ-ийн  халдвар авах эрсдэлд өртсөн тохиолдол бүрт бүрэн хамруулахыг онцгойлон заасан байна.
     
  4.  Хар тамхи, мансууруулах бодисыг судсаар тарьж хэрэглэгчдэд ХДХВ-ийн  халдвар авах эрсдэл, хор хөнөөлийг бууруулах

    Хар тамхи, мансууруулах бодисыг судсаар тарьж хэрэглэдэг хүмүүс нэг удаагийн тарилгын хэрэгсэл, зүү тариур хэрэглэснээр ХДХВ-ийн халдвар авах эрсдэлээс сэргийлж болно.
     
  5. ХДХВ-ийн  халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх

    ХДХВ-ийн  халдвартай эхээс хүүхдэд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийгээгүй бол жирэмсний үед, төрөх үед халдвар дамжих эрсдэл 15-45 хувь, төрсний дараа хөхний сүүгээр дамжин халдварлана. Эх ба хүүхдийг ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд хамруулснаар халдвар дамжих эрсдлийг бүрэн зогсоох боломжтой.