Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат: АН 104 сум, гурван дүүрэгт ялалт байгууллаа

Г.Номин, iKon.mn
2016 оны 11 сарын 3
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан Намын Орон нутгийн сонгуулийн Ерөнхий менежер, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, НИТХ-ийн төлөөлөгч Д.Баттулга, БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нар орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "2016 оны орон нутгийн сонгууль улс орон даяар явагдаж дууслаа. Сонгуулийн дүнг аймаг, нийслэлийн сонгуулийн хороод ерөнхийдөө зарласан байна. 

Энэ удаагийн сумын иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд АН-ын 6,900 нэр нэр дэвшигч өрсөлдөж, 2,650 нэр дэвшигч буюу 37.9 хувь нь ялалт байгууллаа. Нийт 330 сумаас 104-т нь АН ялсан байна. 

Нийслэлийн есөн дүүрэгт нэр дэвшсэн 295 нэр дэвшигчээс 98 нь ялалт байгуулсан байна. Есөн дүүргийн гуравт АН ялсан. 

Сүхбаатар аймагт ИТХ-ын нэг суудал дээр дахин сонгууль явагдаж АН үнэмлэхүй олонхын ялалт байгуулснаар Сүхбаатар аймаг дахь ялалтаа баталжууллаа.

Бид энэ сонгуульд нэг л зарчим баримталсан. Ялсан бол ялсан юм шиг байх, ялагдсан бол ялагдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ард түмний сонголтоор гарч ирсэн төлөөлөгчийг хэн нэгэн хүний шийдвэрээр буцаах нь ардчилсан улс оронд байж болохгүй зүйл. МАН-ын удирдлагууд энэ үйлдлүүддээ дүгнэлт хийх ёстой гэж харж байна. Аль аль талдаа ялж ялагдаж сурах хэрэгтэй. 

Хэдийгээр тооны олон МАН талд байгаа ч гэсэн улс төрийн олонх эрх баригчдын амлалтаасаа ухарсан 100 хоногийг дүгнэсэн. Бид үнэмлэхүй олонхтой өрсөлдсөн хэдий ч ард түмэнд нэг зүйлийг ойлгуулж чадсан. 100 хоногт МАН бодлогогүй үйл ажиллагаа явуулж, амлалтаасаа ухарсныг ард түмэнд ойлгуулсан нь энэ сонгуулиар олж авсан маш том ололт байлаа" хэмээн ярилаа.  

АН-ын зүгээс ялалт байгуулсан 104 сум, гурван дүүрэг дэх ялалтаа баталгаажуулахаар ажиллаж байгаа ажээ. Энэ талаар буюу Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт гарч буй сонгуулийн дараах маргааны талаар НИТХ-ийн төлөөлөгч Д.Баттулга, БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нар мэдээлэл өглөө.

 
Гэрэл зургийг mpa.mn

БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа "БЗД дээр АН 22, МАН 19 суудал авсан тухай СЕХ-ны дүн гарсан байгаа. Энэ дүнг СЕХ болон Нийслэлийн сонгуулийн хороо албан ёсоор зарласан байдаг. Гэтэл БЗД-ийн сонгуулийн хорооны дарга ямар нэгэн шалгаангүйгээр зургаан хүний нэрийг хассан. Энэ удаагийн сонгуулийн хуулийн гол онцлог нь маргааныг сонгуулийн хороо биш шүүх шийдэх юм. Эцсийн маргааныг шүүх шийдэх зохицуулалтай байхад дүүргийн сонгуулийн хорооны даргын тогтоолоор зургаан хүнийг хассан. Энэ бол хүчин төгөлдөр бус шийдвэр. 

Энэ удаагийн сонгуулийн хуулийн гол онцлог нь маргааныг сонгуулийн хороо биш шүүх шийдэх юм.

Ингээд дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг зарлахад МАН-аас сонгогдсон 19, АН-аас сонгогдсон 22 төлөөлөгч ирээд хурлаа хийе гэхээр индэрийг хүчээр булааж аваад хурлыг хийлгэхгүй байна" гэлээ.

Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй хэн нэгэн сонгуулийн хууль зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй байгаа учраас БЗД-ийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг хуралдуулах шаардлагатай байгааг АН-ын удирдлагууд хэлж байлаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

НИТХ-ийн төлөөлөгч Д.Баттулга "Сонгуулийн хуулинд зааснаар сонгуулийн хорооны албан хаагчид сонгуульд оролцож байгаа аль нэг нэр дэвшигчийг дэмжих эсвэл эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийхийг хориглосон байдаг. Энэ хуулийн заалтыг Сүхбаатар, Баянзүрх дүүрэг дээр уландаа гишгэж, хууль зөрчлөө.

Сүхбаатар дүүрэг дээр нэр дэвшиж байгаа хоёр хүнийг илт хууль бусаар нэр дэвшүүлэхээс татгалзсан. Энэ асуудлаар шүүхэд хандаж анхан болон давж заалдах шатны шүүхээр энэ хууль бус юм аа гэдгийг тогтоосон. Одоо эдгээр хүмүүсийн нэр дэвшиж байсан тойрог дээр дахин сонгууль явуулах тухай шүүхийн шийдвэр гаргуулах үйл ажиллагаа явагдаж байна.

Мөн СБД-ийн долоодугаар тойрог дээр ирц хүрээгүй нэмэлт санал хураалт явуулах нөхцөл бүрдсэн байхад сонгуулийн хороо ирц бүрдсэн гэж илтээр гуйвуулаад 50 гаруй хүний саналаар илүү байсан МАН-ын хоёр нэр дэвшигчийг баталгаажуулсан. Үүнийг шүүхэд өгсөн. Шүүх хэрэг үүсгээд явж байгаа.

СБД-ийн 11 дүгээр тойрогт 1,000 гаруй хүний илүү санал авч ялалт байгуулсан манай нэр дэвшигчийг сонгуулийн хорооны ажилтан өөрийн итгэл үнэмшлээр хассан. Манай нэр дэвшигчийг хасах тухай шүүх, цагдаагийн байгууллагаас ямар ч шийдвэр гараагүй. Итгэл үнэмшлээрээ манай нэр дэвшигчийг хассан н.Бат-Эрдэнэ гэдэг хүн долоо хоногийн өмнө СБД-ийн Даатгалын хэлтсийн даргаар томилогдсон.

Сонгуулийн үр дүнг гуйвуулж, шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа тэдгээр хүмүүсийг шүүх, АТГ-аар шалгуулахаар хандаад байна" хэмээн ярилаа.

Хэвлэлийн хуралд СБД-ийн 11 дүгээр тойргийн иргэд оролцсон бөгөөд тус тойрогт ялалт байгуулсан Х.Батжаргалын ялалтыг баталгаажуулахыг шаардаж байлаа.

 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn