Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Арваннэгдүгээр сарын 2-ноос гадаад паспортын захиалгыг НҮНТ дээр авч эхэлнэ

Г.Номин, iKon.mn
2016 оны 10 сарын 26
iKon.MN
 

Оюуны Өмч Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас шинэчлэн зохион байгуулагдсан 75 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, гадаад паспортын үйлчилгээг дүүргүүдэд шилжүүлэх болсон талаар мэдээлэл өглөө.

ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү "Есдүгээр сарын дунд үеэс эхлэн гадаад паспорт олгох ажил жигдэрсэн. Одоогийн байдлаар өдөрт дунджаар 900-1,000 орчим иргэн гадаад паспортын захиалга өгч төдий тооны хүн паспортоо авч байна. 

Гадаад паспорт захиалах, сугах ажлыг ОӨУБЕГ-ын байран дээр л зохион байгуулдаг. Паспорт шинээр авах, сунгуулах хүсэлтэй иргэдийн тоо их байгаа учраас үнэхээр ачаалал ихтэй байгаа нь үнэн. Тиймээс ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн  Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төв, Драгон авто вокзалд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр гадаад паспортын захиалга авч эхлэх гэж байна. Ингэснээр ОӨУБЕГ-ын ачаалал, дараалал багасна. 

Мөн гадаад паспортоо сунгуулах хүсэлтэй иргэд дүүрэгтээ хандах юм. Орон нутгийн хувьд бол тэндээ захиалга хийгдэж, энд хэвлэгдээд буцдаг хуучин зарчмаараа явна. 

Тэгэхээр үндсэндээ гадаад паспорт захиалахад дугаарлах шаардлагагүй болно. Нэг газар авч байсан захиалга дөрвөн газарт хуваагдана гэсэн үг" хэмээн ярилаа.

ОӨУБЕГ өнгөрсөн 100 хоногийн хугацаанд 94,000 гадаад паспорт хэвлэжээ. Өдөр бүр 1,000 орчим иргэн гадаад паспорт захиалж, ачаалал ихтэй байсан ч одоогийн байдлаар 5,000 гаруй иргэн хэвлэгдэж бэлэн болсон паспортоо аваагүй байгааг албаныхан хэлж байлаа.

Ингээд ОӨУБЕГ-ын удирдах албан тушаалтнууд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.